Улирлын эхэн хагасыг гэмтлийн улмаас өнжсөн “бүх одод” холбон тоглогч Азаиа Томас өнөөдөр талбайд гарч, анхны тоглолтдоо оролцлоо. Өнгөрсөн улирлын төгсгөлд буюу хасагдах шатанд ташаандаа авсан гэмтлийн улмаас талбайг орхиж байсан тэрбээр ийнхүү 8 сарын дараа талбайдаа ахин гарсан нь энэ байлаа.
Эхний тоглолт учраас мэдээж хэрэг минутын хязгаарлалттай тоглосон юм. Тодруулбал 18 минутыг талбайд өнгөрүүлсэн Томас 17 оноо авлаа. Тэрбээр нийт 12 довтолгооныхоо зургааг амжилттай болгож, гурвын шугамны араас найм шидсэнийхээ гурвыг оноо болгосон юм. Үүнийхээ хажуугаар 3 ашигтай дамжуулалт мөн өгөөд амжсан.
Удаан хүлээлт өндөрлөж, Кливлэнд Кавалерс үндсэн холбогчтойгоо плэй оффын дайралтаа хийхэд бэлэн болсон гэдгээ уг тоглолтоор тунхаглалаа. Тэд Портлэнд Трэйлблэйзэрсийг 127:110 харьцаатай буулган авснаар улирлын 25 дахь хожлоо авлаа. Кливлэнд Кавалерс бүсийнхээ гурав дугаар байранд бичигдэж байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |