Анна Музычук бол шатрын спортын аварга. Өдгөө 27 настай бүсгүй 2016 оны ДАШТ-ий рапид болон блиц төрөлд аварга болсон билээ. Гэвч аваргаа хамгаалах ёстой бүсгүйн хувьд ирэх онд Саудын Арабад болох ДАШТ-нд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Учир нь тэрбээр тус улсын иргэн шиг хувцаслахыг хүсэхгүй байгаа аж.
“Би хэн нэгний дүрмээр тоглохгүй байхаар шийдсэн. Би абаяа /Исламын шашинт орнуудад бүсгүйчүүдийн өмсөх хувцас/ өмсөхгүй. Би өөрийгөө ямар нэг шашны болон надад хамааралгүй зүйлд хамааралтай хүн болгомооргүй байна” гэж фэйсбүүктээ пост бичжээ.
Учир нь тус улсад болох ДАШТ-ий үеэр эмэгтэй шатарчдыг гудамжинд эрэгтэй хүнгүйгээр явах, абаяа өмсөхгүйгээр тэмцээн болон тэмцээний гадуур явахыг хориглосон журам гаргасан юм. Тэрбээр уг тэмцээнд өөрийн дүү охинтойгоо оролцохгүй гэдгээ уламжлаад, арьс өнгө, шашин шүтлэгээр хүний эрх чөлөөнд халдсан ийм тэмцээнийг өнжинө гэдгээ мэдэгдсэн нь энэ юм.
Тэрбээр мөн BBC агентлагт өгсөн ярилцлагатаа “Дэлхийн аваргын түвшний иймэрхүү тэмцээнүүд хүний эрх, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийг ноцтойгоор зөрчдөг орнуудад зохион байгуулагдахгүй байх хэрэгтэй” гэж тодотгосон юм.
Саудын Арабад болох уг ДАШТ-ий төсөв нь 1.5 сая ам.доллар болж байгаа бөгөөд блиц буюу 10 минутын цагтай, рапид буюу 15 минутын цагтай төрлөөр явагдах юм.
Цаашлаад Музычук “Би өөрийн байр сууриндаа үнэнч байх болно. Тиймээс уг тэмцээнийг өнжинө. Уг нь тав хоног үргэлжлэх уг тэмцээнд олон тэмцээнд оролцдогийг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний зүйлийг олж авдаг юм” хэмээжээ.
Гэхдээ эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа нь уг тэмцээний дагуулж буй ганц асуудал биш юм. Өмнө нь 2016 онд Саудын Арабын гранд муфти буюу эрх барих хамгийн дээд албан тушаалтан шейх Абдулазиз Аль Шейх нэгэнтээ Исламын шашинд хориглодог тухай дурьдаад шатрын спортын цаг гарзадсан зүйл бөгөөд зөвхөн өөртөө дайсан бий болгодог, мөн үүнийг тоглуулдаг газруудад мөрийтэй тоглоом цэцэглэдлэг зэргээр шүүмжилж байсан удаатай аж.
Эдгээрээс гадна Саудын Арабын эрх баригчид улс төрийн сөргөлдөөнтэй байдаг Израйль, Иран гэх мэт орнуудын тамирчдын визийг түдгэлзүүлэн буцаагаад байгаа юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |