Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчиллын Үндэсний зөвлөлийн хуралдаанаар “ISO ГАНДБОЛЫН СПОРТ”-ын стандартыг батлав.
Энэхүү стандартыг батласнаар гандболын спортын эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, сургалт-дасгалжуулалтын үйл ажиллагааг системтэй удирдах, өндөр ур чадвартай, олон улсын тэмцээнд өрсөлдөх тоглогчдыг анхан шатнаас эхлэн бэлтгэх, олон жилийн спортын бэлтгэл, сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй төлөвлөх, явуулах боломжийг олгож байна.
Гандболын стандартын ажлын хэсгийг Монголын гандболын холбооны Ерөнхийлөгч, МУГД, Доктор, Д.Жаргалсайхан удирдан, гишүүдэд Монголын гандболын холбооны дэд Ерөнхийлөгч Б.Мөнхбаяр, Монголын гандболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, МУБИС-ийн БТ-ийн сургуулийн сургалтын албаны дарга Б.Энэбиш нарын бүрэлдхүүнтэй боловсруулан эх төслийг гаргасан юм.
Ажлын хэсэг нь Олон улсын гандболын холбооны дүрэм, журам болон ОХУлсын гандболын спортын стандарт, Олон улсын стандартын байгууллага ISO 2768-1:1989 стандарт, CEN-Европын стандартын хороо EN 202.10-1 стандарт, гандболын спортын нэрт эрдэмтэн, шинжлэх ухааны доктор, профессор В.Я.Игнатьева нарын зэрэг байгууллага, хүмүүсийн судалгаа, материалаас иш үндэс болгон зарим хэсгийг англи, орос хэлнээс орчуулж, үндэсний стандартын нэгдсэн шаардлагын дагуу 2017 оны 1 дүгээр сараас эхлэн нэг жил орчим хугацаанд судлан боловсруулжээ.
Энэхүү стандарт нь гандболын спортын сургалт, тэмцээн, зориулалтын талбай болон заал, тоног төхөөрөмж, тоноглолд хамаарах ба энэ төрлийн үйл ажиллагааг явуулдаг бүх шатны боловсролын байгууллагын хичээл, секц, дугуйлан, спортын сургууль, клубүүд, бусад байгууллага, тэдгээрийн багш, дасгалжуулагч, сурган хүмүүжүүлэгч, эцэг, эх, судлаач, арга зүйч, шинжээч, удирдах ажилтан, сурах бичиг зохиогч, хэвлэн нийтлэгч, хэрэглэгч нарын өргөн олон түмний хэрэгцээнд зориулагдаж байна.
Уншиж байна |