Реал Мадрид болон АС Милан клубүүдийн хагас хамгаалагч Кларэнс Зийдорф Бразилын дээд лигийн Атлетико Паранаэнсэ клубийг дасгалжуулахаар болсон талаар орон нутгийн хэвлэл мэдээллүүд бичиж байна.
Өдгөө 41 настай Голланд эр Куритиба хотод өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж, гэрээг эцсийн байдлаар хүлээн зөвшөөрсөн байна. Энэ талаар “Спортын ертөнц”агентлаг хамгийн түрүүнд мэдээлсэн юм.
Энэ нь Кларэнс Зийдорфийн менежмэнтийн түвшинд ажиллах гурав дахь клуб болж байгаа юм. Өмнө нь тэрбээр Шеньжэн ФС болон АС Милан клубүүдэд мөн ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр замналынхаа сүүлийн жилүүдэд Рио Де Жанейро хотын Ботафого клубт тоглож байсан учраас Португалаар чөлөөтэй ярьдаг. Мөн түүний гэр бүлийн хүн нь Бразил бүсгүй байдаг учраас хүндрэл байхгүй юм. Тэрбээр 2014 онд Бразил бүсгүйтэй амьдралаа холбосон билээ.
Суринам улсад төрсөн тэрбээр 2 настайдаа Нидерланд улс руу нүүн суурьшиж, шигшээ багийнхаа төлөө 87 тоглолтод оролцсон юм. Түүний хувьд мөн “Аваргуудын Лиг”-т 3 өөр багийн хамт түрүүлсэн цор ганц тоглогч билээ.Тодруулбал Аяакс, Реал Мадрид, АС Милан клубүүдийг аваргуудын лигт түрүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж байсан.
Түүний шинээр хүлээж аваад байгаа Атлетико Паранаэнсэ баг нь өнгөрсөн улиралд хүснэгтийн 11 дүгээр байранд жагссан бөгөөд 12 сарын 4-нд Фабиано Соарезийг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш дасгалжуулагчгүйгээр улирлыг дуусгасан ажээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |