Ирланд тулаанч Конор МакГрэгор октагондоо эргэн ирнэ. Энэ онд хамгийн сүртэй тулааныг хийж, чамгүй мөнгө халаасласан Конор МакГрэгор боксын рингэд дахин гарахгүй, харин ММА буюу холимог тулаандаа дахин тулалдах сонирхолтой байгаа аж. Өдгөө 29 настай тулаанч эр “Би дараагийн тулаанаа жинхэнэ тулаан байгаасай гэж хүсч байна. Тиймээ жинхэнэ тулаан... Холимог тулаан байх болно” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Саяхан Мэнни Пакьяаотай тулалдаж болох эсэх талаар шуугиан гарсан ч UFC-ын босс Дана Уайт тэр доор нь эсэргүүцсэн билээ. Учир нь Конорын хувьд UFC холбоонд гэрээтэй хэвээр байгаа юм. Конорын хувьд хамгийн сүүлд Лас Вегаст Флойд Мэйвэйдэртэй тулалдсанаас хойш дахин тулалдаагүй юм. 11 үеийн турш үргэлжилсэн уг тулаанд техникийн хүнд цохилтоор Ирланд эр ялагдсан ч хүмүүс түүнийг чамгүй боксчин гэж хүлээн зөвшөөрсөн. Уг тулааныг дэлхий даяар 4.3 сая хүн үзсэн гэсэн судалгаа гарсан. Энэ нь бүх цаг үеийн түүхэнд хоёр дугаарт орох үзүүлэлт болсон билээ. Гэвч ямартай ч боксоор дахин тулалдахгүй гэдэг нь уг ярианаас харагдаж байна.
Үүнээс гадна түүний WWE буюу нохой зодоонд хүч сорих тухай яриа мэр сэр гараад байсан. Харин тэрбээр үүнд товчхон хариулт өгсөн юм. Конор “Би Ронда Рөүси шиг замналаар замнах албагүй” гэж уг асуултад нэгмөсөн цэг тавьсан байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |