2013 оны Уимблдоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга Марион Бартоли 4 жил теннисийн спортоос хол хөндий байсны эцэст WTA-ын цувралд эргэн тоглох болсноо мэдэгдлээ.
“Би дараа жилээс эхлэн WTA-ын мэргэжлийн тамирчдын цуврал тэмцээнүүдэд, танил хүрээлэлдээ эргэн ирж байгаагаа баяртайгаар мэдэгдэж байна. Би талбай дээр та бүхний сэтгэлийг хөдөлгөсөн өрсөлдөөнийг үзүүлж, гайхалтай хором мөч бүрийг хуваалцахыг зорих болно” хэмээн өөрийн твиттэр хаягаас жиргэжээ.
2013 онд Уимблдонд аваргалсны дараа тэрбээр зодог тайлах шийдвэр гаргаж, түүнээсээ хойш телевизэд тайлбарлагчаар ажиллаж байсан юм. Замналынхаа турш нийт WTA-ын цуврал тэмцээнүүдэд найман түрүү авч, 2012 онд WTA-ын чансаанд долдугаар байранд эрэмбэлэгдэж байсан билээ.
Тэрбээр ирэх гуравдугаар сард эхлэх Маиамигийн Нээлттэй тэмцээнд албан ёсоор эргэн ирж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Мэдээж хэрэг зарим тэмцээнүүдэд оролцохын тулд түүнд цагаан хуудас хэрэгтэй байх биз ээ. Учир нь том тэмцээнүүдэд оролцохын тулд тамирчид дэлхийн чансааны оноогоор жагсдаг юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |