Рикардо Изексон Дос Сантос Лэйто Кака албан ёсоор зодог тайллаа. 21 зууны хамгийн гоц авьяасуудын нэг гэгддэг Какаг бид Роналдо Мэсси хоёроос өмнө “Алтан Бөмбөг” буюу дэлхийн шилдэг хөлбөмбөгчин шагналыг авч байснаар нь тод санадаг. 17 наснаасаа эхлэн дэлхийн тавцанд гялалзаж эхэлсэн түүний замнал олон сая хүний зүрх сэтгэлийг булааж байсан гэдэгтэй хэн ч маргахгүй.
Тэрбээр зодог тайлж буйгаа өөрийн сошиал медиа хаягаар дамжуулан зарласан юм. Тэрбээр “Миний төсөөлж чадахаас ч хамаагүй илүү давсан аялал байлаа. Баярлалаа та бүхэнд. Дараагийн аялалдаа гарахад бэлэн байна” гэж Англи, Португал хэлээр бичжээ.
Бразилын Сао Паоло багаас замналаа эхлүүлж байсан Кака 2003 онд Италийн алдарт АС Милан багт тоглох болсноор үргэлжилсэн юм. Энэ нь түүний замналын оргил үе байлаа. 2003-2004 оны улиралд тэрбээр багийнхаа хамтаар Италийн Сери А буюу дээд лигт түрүүлж, 2007 онд аваргуудын лигийн цомыг өргөж, оны шилдэг буюу “Алтан бөмбөг” шагналын эзэн болж байсан билээ.
Үүний дараагаар Испани эзэн хааны алдарт Реал Мадрид багийн Галактикос 2 төслийн нэг болж байсан тэрбээр 2012 онд Ла Лигийн цомыг өргөж байсан юм. Гэвч энэ үеэс гэмтэл бэртэлд олон удаа өртөж эхэлсэн байдаг. Ингээд 2013 онд Милан клубт эргэн ирж, үүнээсээ ганцхан жилийн дараа АНУ-ын Орландо Сити багт очиж байсан билээ. Харин энэ улирлын дараагаар Орландод тоглохгүй гэдгээ мэдэгдээд байсан билээ.
Клубын түвшинд гаргасан амжилтууд ийм байгаа бол олон улсын тавцанд шигшээ багийн хамтаар гурван удаа ДАШТ-д оролцсон байдаг юм.
Харин зодог тайлсныхаа дараа дасгалжуулагч болох сонирхолтой байгаагаа илэрхийлээд амжсан байдаг. Тэрбээр “Би Реал Мадридын дасгалжуулагч Зинедин Зидан шиг ажиллахыг хүсэж байна. Тэр тоглохоо больсон, дараа нь хэсэг хугацаанд завсарласан, тэгээд залуучуудад мэддэг чаддаг бүхнээ зааж өгөх боломжтойг олж харсан. Би түүн шиг болохыг хүсэж байна”гэж мэдэгдээд байгаа юм. Мөн тэрбээр АС Милан багтай давгүй харилцаатай байгаа талаараа мэдэгдээд байгаа билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |