Английн алдарт Манчестер Юнайтед болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа өнөөдөр Монголд ирнэ. Тэрбээр “Чингис Хаан” Олон Улсын нисэх онгоцны буудалд өнөөдөр 16:00 цагаас газардах юм байна. Франц довтлогчийн хувьд МХБХ-ны шилдгүүдийг шалгаруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд урилгаар оролцох гэж буй нь энэ аж.
Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар түүнийг тосож авах үйл ажиллагаа бүх хөлбөмбөг сонирхогчдод нээлттэй гэнэ. Харин түүнтэй хамт нэг үдшийг өнгөрөөж, хамт зургаа авахуулах, гарын үсэг зуруулж авах, ярилцлагын үеэр түүний дурсамжийг сонсохыг хүсвэл 25000 төгрөгийн хураамж төлөөд маргааш орой Кемпински зочид буудалд очиход болох юм байна.
Луи Саа нь Английн дээд лиг буюу Примьер лигийн Манчестер Юнайтед, Эвэртон, Фүлхэм, Сандерлэнд, Тоттенхэм, Ньюкасл Юнайтед клубүүдэд тоглож явсан билээ. Мөн Францын шигшээгийн бүрэлдэхүүнд 20 тоглолтод оролцож 4 гоол, Манчестер Юнайтед клубт 86 тоглолтод 28 гоол, Фүлхэмийн бүрэлдэхүүнд 117 тоглолтод 53 гоол оруулсан билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |