Өнөөдөр 15:00 цагаас Монголын Шилдэг Боксчдыг шалгаруулах Капитрон банкны нэрэмжит тэмцээн эхэлж байна. 12 сарын 10-ыг дуустал үргэлжлэх уг тэмцээнд Монголын жин жингийн шилдэг тамирчид өрсөлдөж байгаа юм. Уг тэмцээний ач холбогдол нь Токио-2020 зуны Олимпод өрсөлдөх баг тамирчдыг сонгон шалгаруулахад оршиж буй аж.
Уг тэмцээн нь эмэгтэй 5 жингийн 31, эрэгтэй 7 жингийн 47 тамирчны дунд AIBA буюу олон улсын боксын холбооны дүрмийн дагуу явагдах аж. Спортын төв ордны “А” зааланд эхэлж буй уг тэмцээнд үе үеийн шилдэг боксчид оролцож байгаа бөгөөд насны хязгаарын хувьд 1977-1998 оны хооронд төрсөн тамирчид өрсөлдөж байгаа юм. Тэмцээн өнөөдөр маргааш гэсэн хоёр өдөр уртдчилсан тулаануудаар өрнөж байгаа бөгөөд 9, 10-ны өдрүүдэд хагас шигшээ болон шигшээ тулаанууд болж медалийн эзэд тодорно.
Сонирхуулахад сүүлийн 3 жил рингэнд гараагүй Монголчуудын хайртай боксеруудын нэг болох 2012 оны Лондонгийн Олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл, дэлхийн цомын мөнгө, ААШТ-ий алт хүрэл медальт, Зүүн Азийн наадмын аварга, Азийн наадмын мөнгөн медальт МУГТ У.Мөнх-Эрдэнэ өрсөлдөхөөр болоод байгаа юм.
Мөн тэмцээний нээлтэнд Fire хамтлагийн дуучин Б.Даваадалай буюу Далай ирж ая дуугаа өргөсөн юм. Мөн тэмцээнийг нээж зохион байгуулагчид үг хэлж, тамирчдын болон шүүгч нарын төлөөллүүд шударга өрсөлдөх тангараг өргөснөөр ширэн бээлийтнүүдийн тулаан эхэлж байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |