Сан Антонио Спөрсийн төдийгүй, НБА-ын “элит” ангилалын цөөхөн довтлогчдын нэг Кавай Леонард ирэх долоо хоногоос талбайдаа эргэн ирж магадгүй байна. Улирлын эхнээс нэг ч тоглолтод оролцоогүй шигшээ цувралын “Хамгийн Үнэ Цэнэтэй Тоглогч”-ийн хувьд хэдийгээр хэзээ талбайд гарахаа албан ёсоор зарлаагүй боловч бэлтгэлдээ оролцож эхэлсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлж байгаа билээ. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлснээр ирэх долоо хоногт өөрийн талбайдаа гурван тоглолт хүлээн авах хуваарьтай байгаа Спөрс түүнийг талбайд гаргах эсэх дээр хуралдсан гэнэ.
Тэд даваа гаригт Дэтройт Пистонсыг, лхагва гаригт Маиами Хит, Баасан гаригт Бостон Сэлтиксийг тус тус хүлээн авах хуваарьтай байгаа юм. Гэхдээ Дэтройт Пистонсыг өмнө нь Кавай Леонардгүй буулган авсан учраас гэртээ хүлээн авах тоглолтыг өнжүүлж ч болох юм. Ямартай ч ийм яриа баг дотор болсон гэдэг бол Кавай Леонард өнөө маргаашгүй тоглоход бэлэн болсон гэсэн үг биз.
Сан Антонио Спөрс түүний эзгүйд боломжийн тоглож байгаа билээ. Тодруулбал тэд 16-8 гэсэн амжилттай бүсийнхээ гуравдугаар байранд бичигдэж байгаа билээ.
Кавай Леонардын эзгүйд багийн хоёр дахь лидер, ЛаМаркус Алдриж өөрийн сайн тоглолтоо олж чадсан нь сайн хэрэг юм. Алдрижийг Спөрст ирснээс хойш өөрийн тоглолтоо олохгүй байгаа талаар маш их шүүмжлэл дагаж байсан. Харин Кавай Леонард эргэн ирээд багтаа хэрхэн уусах нь дараагийн асуулт болж үлдэж байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |