Олон Улсын Хүндийг Өргөлтийн Холбооны 2017 оны ДАШТ Калифорн мужийн Анахейм хотод эхэллээ. Энэ удаагийн ДАШТ-д 70 гаруй орны 400 гаруй тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Эдгээрийн дунд Олимпын аварга 6 байгаа юм. Эдгээрийн дунд Гүрж, Иран, Тайланд, Тайвань зэрэг хүндийг өргөлтийн өндөр хөгжилтэй орнуудын Олимпын аваргууд багтаж байна. Тодруулбал Гүржийн тамирчин болох Лаша Талахадзе, Ираны тамирчид болох Сохраб Моради болон Киануш Ростами, Тайландын Сопита Танасан болон Сукания Срисурат, Тайваний Шюй Шүжин гэсэн Олимпын аваргууд АНУ-д очоод байна.
Гүржий тамирчин Лаша Талахадзе нь 2015 онд дэлхийн аварга болж байсан бөгөөд энэ удаа +105 кг-ын ангилалд аваргаа хамгаалах давхар үүрэгтэй байгаа юм. Харин энэ жинд түүний гол өрсөлдөгч нь Ираны Бехдад Салими байхаар ажиглагдаж байна. Салими нь 2010, 2011 онуудад дэлхийн аварга болж байснаас гадна 2012 оны Олимпын аварга тамирчин юм. Харин өнгөрсөн Рио-2016 Олимпын алтан медалиа гүрж эрд алдсан. Энэ хоёрын өрсөлдөөнийг тус тэмцээний хамгийн оргил тулаан болно гэж олон хүн таамаглаж байна.
Дээр дурьдсан тамирчдаас гадна Олимп дэлхийн медальтнууд бүгд шахуу цугларсан нь энэ удаагийн ДАШТ-ий өрсөлдөөнийг улам нэмэгдүүлж байгаа аж. Зохион байгуулагч орон болох АНУ-ын эрэгтэй тамирчид 20 жилийн турш ДАШТ-нд орж байгаа ч одоогоор медаль хүртээгүй байгаа билээ. Тиймээс нутаг дээрээ болж буй уг тэмцээний шагналын тавцанд зогсохыг гол зорилгоо болгосон гэж мэдээлжээ. Гол найдвар нь 69 кг-ын жингийн Кларэнс Каммингс хэмээх тамирчин юм. Кларэнс нь өсвөр, залуучуудын ангилалд 4 удаа дэлхийн аварга болсон, өсөх ирээдүйтэй гэгдэж буй тамирчин аж.
Мөн Олимпын хүрэл медальт Сара Рөүблэс, Мэтти Рожерс, Харрисон Маурус нарыг нутийнхаа дэвжээнээс медаль авч, 12 жил төрийн далбаагаа мандуулаагүй хар цувралыг зогсооно гэж АНУ-ын хүндийг өргөлтийн хүрээнийхэн найдлага тавьж байна.
Тэмцээн 12 сарын 5-ыг дуустал үргэлжилнэ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |