12 сарын 2-оос Япон улсад Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны томоохон тэмцээнүүдийн нэг болох Токиогийн их дуулга эхлэх гэж байна. Чанар чансаагаараа тив дэлхийн аваргын хэмжээнд ордог энэ тэмцээнд оролцохоор Монголын баг тамирчид өнөөдөр Япон улсыг зорьсон байна.
Энэ удаагийн тэмцээнд урьдчилсан байдлаар манай 16 жүдоч оролцохоор нэрээ өгөөд байгаа юм. Эрэгтэй 10 тамирчин 5 жинд хоёр хоёроороо бүртгүүлээд байгаа бол эмэгтэй эмэгтэй 6 тамирчин 4 жинд хүч үзэх юм.
Эрэгтэй:
-60 Д.Амартүвшин
-60 Г.Болдбаатар
-66 Д.Төмөрхүлэг
-66 Д.Алтансүх
-73 Г.Одбаяр
-73 С.Баяртүвшин
-81 О.Ууганбаатар
-81 Н.Дагвасүрэн
+100 Н.Түвшинбаяр
+100 Б.Тэмүүлэн
Эмэгтэй:
-48 М.Уранцэцэг
-48 Б.Хорлоо
-52 Ч.Аззаяа
-57 Л.Энхрийлэн
-63 Б.Мөнгөнчимэг
-63 Ц.Цэрэннадмид гэсэн тамирчид дээрх жингүүдэд нэрээ өгсөн аж. Гэхдээ эдгээр нэрт тэмцээний өдөр өөрчлөлт орж болох юм. Ямартай ч хамгийн багадаа 12-13 тамирчин уг их дуулгад оролцох төлөвтэй байна.
Манай улсын баг тамирчид ийм бүрэлдэхүүнтэй байгаа бол уг тэмцээнд нийт 65 орны 446 тамирчин мэдүүлгээ явуулжээ. Эдгээрээс хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа нь зохион байгуулагч буюу Япон орны тамирчид байна. Тэд эрэгтэй эмэгтэй тус бүр 28, нийт 56 жүдочын нэрийг урьдчилсан байдлаар бүртгүүлжээ. Харин БНСУ болон ОХУ-ууд уг их дуулгад ач холбогдол ихээр өгч байгаа орнуудаар нэрлэгдэж байгаа юм. БНСУ 28, ОХУ 24 тамирчны нэрээ бүртгүүлээд байгаа нь эхний гуравт орох үзүүлэлт болжээ. Харин Герман, БНХАУ, Бразил зэрэг бөхийн орнууд манайхтай ойролцоо тооны тамирчидтай оролцоно.
Дашрамд дурьдахад саяхан Турк улсын Анкара хотноо болсон Европын 8 клубын хооронд өрнөсөн лигийн тэмцээнд манай тамирчин Г.Одбаяр хамт оролцсон багаараа мөнгөн медаль, Б.Мөнгөнчимэг, Ч.Аззаяа нарын баг болох Флам-91 баг алтан медаль авсан.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |