Их аварга Хакухо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрю М.Ананд, сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, маэгэшира Таканойва А.Баасандорж нар байлцсан хэрэг энэ оны сүүлээр прокурорт шилжинэ гэж мэдээлж байна. Уг хэргийг шалгаж буй цагдаа нарын мэдэгдсэнээр өдгөө 33 настай аварга Д.Бямбадорж 27 настай Таканойва А.Баасандоржийг Хакухо аваргыг юм хэлж байхад утсаа оролдож тоомжиргүй байсан учраас алгадаж, цохиж, мөн караоке машины удирдлагаар цохьсон гэж Японы эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Мэдээлэл анх гарсан шигээ шар айрагны шилээр цохиогүй гэнэ. Үүнийг хэргийн газар байлцсан хүмүүсээс байцаалт авч тодруулахад Хакухо М.Даваажаргал аварга шар айрагны шилээр цохиогүй гэж мэдүүлэг өгсөн байна. Мөн Харүмафүжиг ямар нэгэн байдлаар оргон зайлах, эд мөрийн баримтыг устгахгүй гэж үзсэн учраас хэргийг шалгах явцад цагдан хорих шаардлагагүй гэжээ.
Харин Таканойваг чухам яаж гэмтээснийг тодруулах ажиллагаа бүрхэг байгаа бололтой. Учир нь хохирогч А.Баасандоржийн мэдүүлгээр бол цохиулж байх үедээ нүдээ аньчихсан байжээ. Тиймээс анх гарсан шиг шар айрагны шил, эсвэл архины шилээр цохьсон эсэхийг одоохондоо хараахан тодорхойлоогүй байна.
Мөн шар айрагны шилээр биш архины шилээр цохьсон байж болзошгүй гэх мэт байдлаар хэргийн процесс нилээн нууцлагдмал байдалтай байгаа аж. Харин уг хэргийг цагдаад мэдүүлсэн хүн нь А.Баасандоржийн дэвжээний багш Таканохана юм.
Уг үйлдэл нь японы сүмо бөхийн холбооноос нилээн шүүмжлэл хүлээгээд байна. Сүмо бөхийн холбооны байр сууринаас уг хэргийг цагдаад мэдэгдэхээс өмнө сүмо бөхийн холбоонд мэдэгдэх ёстой байсан гэв. Харин цагдаад мэдэгдсэнийхээ дараа, уг хэрэг олон нийтэд ил болсны дараагаас Таканохана хэвлэл мэдээлэлд төдийгүй олон нийтэд ярилцлага өгөхөөс дөлж, нилээн чимээгүй байдалтай байна.
Мөн Харүмафүжид тохирох шийтгэлийг энэ ням гаригт 11 сарын башё дууссаны дараа хэргийг нарийн судлаад онооно гэж мэдэгдээд байна.
Эх сурвалж: www.japantimes.co.jp
Б.Энх-Амгалан