МУГТ Н.Төгсцогт 2012 онд Лондоны Олимпоос мөнгөн медаль хүртснээсээ хойш удалгүй мэргэжлийн рингэнд өрсөлдөх шийдвэрээ гаргасан. Ердөө 17 насандаа ДАШТ-с мөнгөн медаль, 20 настайдаа Олимпийн наадмын финалд өрсөлдсөн гоц авьяастан 22 настайдаа мэргэжлийн тулаанч болохоор зориг шулуудсан юм.
Өнгөрсөн долоо хоногт тэрбээр мэргэжлийн рингэнд 9 дэх тулаанаа хийж ялалт байгуулсан төдийгүй домогт Флойд Мэйуейдер түүний ялалт байгуулсан тоглолтыг шагшин магтаж байсан нь Н. Төгсцогтын мэргэжлийн замнал тун амжилттай байгааг гэрчилнэ.
Тэрбээр 2014 оны намар АНУ-ын шилдэг мэргэжилтнүүдийн нэг Алан Хэймонтой 5 жилийн гэрээ байгуулснаар албан ёсоор мэргэжлийн тамирчин болсон байдаг. Оны шилдэг менежерийн шагналыг 5 удаа хүртэж байсан Америк мэргэжилтний хувьд олон шилдэг тулаанчидтай хамтарч байсан аж. Түүний хамртан ажилладаг боксчдын жагсаалтад Флойд Мэйуэйдер, Жулио Цесар Чавес, Амир Хан, Андре Берто зэрэг Дэлхийн шилдгүүд багтдаг юм. Н. Төгсцогт 5 жилийн гэрээг байгууснаасаа хойш тун цөөн удаа хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн байдаг. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Гэрээний мөнгөн дүнг нууцламаар байна” гэсэн байдаг ч “Надад ашигтай гэрээ болсон” гэж хэлж байсан удаатай. Тэрбээр АНУ-ын Калифорния мужийн Лос Анжелес хотод амьдарч, дасгалжуулагч Жөү Гүүссен (Ten Goose Boxing Gym)-ий удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм. Түүний дасгалжуулагч нь мэргэжлийн боксын алдрын танхимын гишүүн, Дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нэг аж.
2015 оны 3-р сард “King Tug” нэрээр мэргэжлийн рингэнд анх гарсан Н.Төгсцогт өнөөг хүртэл нийт 9 тулаан хийж, нэг ч ялагдал амсаагүй байгаа билээ.
Түүний эдгээр тулааныг үр дүнг эргэн харвал:
2015 он
2015.03.13 АНУ - Габриель Бракстон (2-8-0) / KO
2015.04.18 Мексик – Мануэль Рубалкава (2-12-0) / KO
2015.08.27 Мексик - Артуро Бадилло (21-7-0) / RTD
2015.12.03 Мексик – Педро Мело (15-11-2) / KO
2016 он
2016.05.05 АНУ – Хуан Руйз (24-20-0) / RTD
2016.07.15 Пуэрто Рико – Рафаэль Васкүэз (16-2-0) / TKO
2016.12.08 Мексик - Жерман Мераз (55-39-1) / TKO
2017 он
2017.02.25 Филиппин - Жон Гемино (15-7-1) / TKO
2017.11.18 Филиппин – Хармонито дела Торре (19-0-0) / UD
Энэ есөн тулааныг хийхдээ тэрбээр нийт 35 раунд тоглож, бүх өрсөлдөгчдийнхөө 89 хувийг хүнд цохилтод оруулж чадсан нь тун өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа билээ. Н.Төгсцогт анх мэргэжлийн рингэд гарснаас хойш нийт 985 өдөр өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд тэрбээр Дэлхийн чансааны 26 дугаар байр хүртэл ахиж чадсан юм. Түүний жин (-57кг)-д өнөөдрийн байдлаар 1504 мэргэжлийн боксчин бүртгэлтэй байгаа аж.
МУГТ Н.Төгсцогт Олимп, Дэлхийн аваргаар медаль хүртэхдээ -52 кг жинд өрсөлддөг байсан юм. Оюутны Дэлхийн аварга болохдоо ч мөн энэ жинд өрсөлдөж байсан бол 2009 онд Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэхдээ -48кг жинд тулалдсан байдаг. Энэ амжилтаас харахад түүний үндсэн жин нь -52 кг юм.
Гэсэн ч тэрбээр мэргэжлийн рингэнд жингээ ахиулж -57кг-д өрсөлдөх шийдвэр гаргасан юм. Тулааны спортод жингийн багахан өөрчлөлт маш том өөрчлөлт, ялгааг бий болгож байдаг. Зарим үед жингийн өөрчлөлт тун тааруу үр дүнд хүргэх тохиолдол ч бий. Харин Н.Төгсцогт энэхүү жингийн өөрчлөлтийг тун сайн тооцоолж, дасан зохицож чадсан нь түүний амжилтын гол түлхүүр болж байна.
Ийнхүү мэргэжлийн замналын эхний 9 тулаандаа дараалан ялалт байгуулаад байгаа Н.Төгсцогт Дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх боломж руу алхам алхмаар ойртсоор байгаа нь тодорхой. Гэхдээ хүсэн хүлээсэн тулаан хэзээ болох бол?
Одоогоор энэ асуултын хариуг бид зөвхөн таамаг эсвэл магадлалаар дөхүүлж болох юм. Манай гариг дээр мэргэжлийн боксын хэдэн арван холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээрээс дөрвөн холбоо нь хамгийн нэр хүндтэйд тооцогдоно. Тиймдээ ч WBA, WBC, IBF, WBO гэсэн холбоодын аваргууд л хамгийн өндөр чансааны оноотой болж, хамгийн өндөр мөнгөн шагналыг хүртэж, хамгийн их нэр хүндийг олж авдаг.
Одоогоор -57 кг жинд таван өөр тамирчин тус холбоодын Дэлхийн аваргын бүсийг эзэмшиж байгаа аж.
Энэ аваргуудын Дэлхийн аварга цол хүртсэн замналыг эргэн харвал нэг ижил зүйл ажиглагдана. Тэдний ихэнх нь замналын эхний 14-16 тулаанаа ямар нэг цолны төлөө хийгээгүй байна. Улмаар ялагдалгүй цуврал үргэлжилсэн тохиолдолд 15-17 дахь тулаанаа аваргын бүсний төлөө хийж байсан аж.
Энэ зүй тогтолын дагуу бол жилд дундажаар 3 тулаан хийж байгаа Н. Төгсцогт 2020 онд Дэлхийн аварга цолны төлөө тоглох магадлал харагдаж байна. Гэхдээ энэ бол зөвхөн таамаг билээ.
Боксын ертөнцөнд үүнээс ч олон тоглолт хийж байж Дэлхийн аварга болсон тамирчид бий. АНУ-ын шилдэг тулаанч Флойд Мэйуэйдер 18 тулаанаа хийж байж Дэлхийн аваргын бүсийг анх эзэмшиж байсан бол домогт Мэнни Пакьяо 25 тулааны дараа WBC холбооны аварга болж байсан түүхтэй.
Мэргэжлийн бокст зөвхөн тамирчин шилдэг байх нь хангалтгүй бөгөөд өөрөө сайн тулалдахаас гадна өндөр зэрэглэлийн менежер, промотертэй хамтрах нь хамгийн чухал. Учир нь тэр мэргэжилтнүүдийн хэрхэн яаж ажиллахаас шалтгаалж тухайн тамирчны замнал шийдэгддэг аж.
Г.Баяраа