1998 оны Уимблдоны аварга, Чехийн теннисчин Яна Новотна 49 насандаа өвчний улмаас таалал төгслөө. Түүнийг амьсгал хураасныг ар гэрийнхэн нь өчигдөр мэдэгдсэн байна.
Чех улсын Брно хотод төрж өссөн теннисчин бүсгүй сүүлийн жилүүдэд хорт хавдартай тэмцэж байжээ. Тэрбээр оргил үедээ дэлхийн чансааны ганцаарчилсан ангилалд 2 дугаарт, хосын төрөлд 1 дүгээр байранд хүртэл бичигдэж байсан шилдэг теннисчин юм. Мөн WTA-ын ганцаарчилсан тэмцээнд 24 удаа, хосын төрөлд 76 удаа түрүүлж байлаа. Уимблдоноос гадна 12 их дуулга хүртэж, холлимог хосын төрөлд дөрвөнтөө их дуулгын аваргаар нэрээ зарлуулж байсан түүхтэй.
Мөн үүнээс гадна 1996 оны Атлантын Олимпын наадмаас хүрэл медаль, хосын төрөлд Хелена Сүковагийн хамтаар мөнгөн медаль хүртэж байсан юм. Улмаар 1999 онд зодог тайлж, түүнээсээ хойш зургаан жилийн дараа теннисний алдрын танхимд нэрээ мөнхлүүлж байсан юм.
Харин үүнээс хойш Флоридад амьдарч байгаад одоогоос 7 жилийн өмнө төрөлх Брно хотдоо эргэн ирж теннисийн дасгалжуулагчаар ажиллаж байсан аж. Түүний зуурдаар таалал төгссөнтэй холбоотойгоор өнөөдөр дэлхийн шилдэг теннисчид харамсаж буйгаа илэрхийлсэн бичвэрүүдийг сошиал орчинд их хэмжээгээр оруулж байгаа юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |