Сагсан бөмбөгийн хамгийн том лиг болох НБА-ын оны шилдэг зургаа дахь тоглогчийн буюу сэлгээний тоглогчийн шагналт Бэн Гордон 6 сараас хойш гурав дахь удаагаа цагдаагийн хаалга татлаа. Өдгөө 34 настай сагсан бөмбөгийн одын хувьд өнгөрөгч амралтын өдрүүдээр хуурамч жолооны үнэмлэхтэйгээр машин барьж явсан гэнэ. Уг хэргийг шийдвэрлэх шүүх хурал ойрын ирээдүйд болно гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Өмнө нь тэрбээр өөрийн амьдардаг байрны галын дохиоллыг шаардлагагүй үед дарсан хэргээр, мөн маргааны улмаас нэгэн эмэгтэйг спорт цогцолборт түгжсэн хэргээр тус тус шүүхийн хаалга татаж байсан юм. Хоёр дахь хэргээс улбаалж түүнийг ойролцоох сэтгэл заслын эмнэлэгт хүртэл хэвтэн эмчлүүлж байсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Тэрбээр эдгээр хэргүүдийн талаарр өөрийн инстаграм хуудсанд “би ямар ч буруу зүйл хийгээгүй” гэсэн тайлбартай бичлэг хүртэл хийгээд амжжээ. Гэхдээ үүнийгээ удалгүй устгасан байна. Уг бичлэг дээр тэрбээр өөрийг нь буруугаар ойлгуулж буй хэвлэл мэдээллийн сайтуудад дургүйцэж байна гэсэн утгатай зүйлийг ч яриад амжсан байна.
НБА-д 11 жил хүчин зүтгэхдээ тэрбээр 84.6 сая ам.долларын цалин халаасласан юм. Хамгийн сүүлд Орландо Мэжик багийн бүрэлдэхүүнд 56 тоглолтод оролцохдоо 6.2 оноог дунджилж байсан билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |