НБА-д хамгийн дутуу үнэлэгдсэн довтлогчдын нэг Дэвид Ли НБА-ээс зодог тайлж байгаагаа зарлалаа. Замналынхаа турш Нью Иорк Никс, Голден Стэйт Уорриорс, Бостон Сэлтикс, Даллас Маверикс, Сан Антонио Спөрс гэсэн багуудад хүчин зүтгэж байсан довтлогч энэ талаараа өөрийн инстаграм хуудсаар дамжуулан зарлажээ.
Өнгөрсөн улиралд Спөрсийн бүрэлдэхүүнд 7.3 оноо, 5.6 самбар, 1.6 ашигтай дамжуулалтыг дунджилсан өдгөө 34 настай довтлогчийн хувьд 2015 онд Голден Стэйт Уорриорс багийн бүрэлдэхүүнд НБА-ын аварга хэмээх эрхэм хүндтэй алдрыг хүртэж байснаас гадна 2 удаа бүх одод болж байсан билээ.
Түүний хувьд талбай дээр биеэ хамгийн зөв авч явдагаас гадна ухаалаг тоглолтоороо лигт танигдсан нэгэн юм. Мөн тэрбээр саяхан талбайн теннисийн од Каролин Возняцкитай сүй тавиад байгаа юм. Тиймээс хувийн амьдралдаа цаг зарцуулах шаардлагатай гэж үзсэн бололтой. Уг нь плэй офф буюу хасагдах шатанд орох аль нэг багт түүний туршлага хэрэгтэй гэдэгтэй хэн ч маргахгүй юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |