Өнөөдөр НБА-ын талбайд энэ улирлын хамгийн их хүлээлттэй тоглолтуудын нэг болж өнгөрлөө. Бостон Сэлтикс “ТД Гардэн”-даа өнгөрсөн улирлын аваргууд болох Голден Стэйт Уорриорсыг хүлээн авсан юм. Уг тоглолтод хоёр баг хоёулаа дараалласан хожлын цувралтайгаар орж ирсэн нь үзэгчдийн сонирхлыг татсан хамгийн том зүйл байв. Хэнийх нь хожлын цуврал зогсох бол? Гэсэн асуулт сагсан бөмбөг сонирхогчдод байсан нь дамжигүй.
Уг тоглолт 92:88 харьцаатай өндөрлөсөн юм. Ялагч нь талбайн эзэд болох Бостон Сэлтикс байв. Кэвин Дурант, Клэй Томпсон, Стэфэн Көрри, Дрэймонд Грийн гэсэн гол тоглогчддоороо ахлуулсан орчин цагийн довтолгооны төгс систем бүхий баг энэ улирлын хамгийн бага оноо авсан тоглолт нь энэ байв. Мөн нэр дурьдсан дөрвөн тоглогч хамт тоглосон хоёр улиралдаа хамгийн бага оноо авсан тоглолт нь энэхүү тоглолт болж өнгөрөв.
Тус тоглолтод Бостон хожсоноор 14 дэх дараалласан ялалтаа авч бүсээ итгэл төгс тэргүүлж байна. Уг тоглолтын шилдэг нь хоёр дахь жилдээ лигт тоглож буй Жэйлэн Браун байлаа. Тэрбээр уг тоглолтыг 22 оноо, 7 самбараас бөмбөг авалт, хоёр бөмбөг таслалт, 2 хаалт гэсэн үзүүлэлттэй дуусгасан юм. Тэгвэл тэрбээр энэ тоглолтоо өөрийн хамгийн сайн найзад зориулсан байна. Түүний найз нь өчигдөр зуурдаар таалал төгссөн аж. Харин дөрөвдүгээр үеийн шилдэг нь энэ зун солилцоогоор авч ирсэн Кайри Өрвинг байлаа. Тэрбээр багийнхаа төгсгөлийн бүх оноог авсан юм.
Бостон Сэлтикс өнөөдөр хожил байгуулснаар 14-2 гэсэн амжилттай болж НБА-г төдийгүй бүсээ уг амжилтаараа тэргүүлж байна. Харин Голден Стэйт Уорриорс хожигдсоноор 11-4 гэсэн амжилттай болж бүсийнхээ хоёрдугаар байранд хэвээр үлдлээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |