Өнгөрөгч сарын 25-нд Тотторид болсон үзүүлэх барилдаан дууссаны дараа Монгол бөхчүүдийн хамт чөлөөт цагаа өнгөрүүлж байх үеэрээ Таканойва А.Баасандоржийг шар айрагны шилээр цохиж гэмтээсэн ёкозуна Харүмафүжи Д.Бямбадоржтой холбогдох хэрэг сүмогийн ертөнцийг төдийгүй, их аваргыг дэмждэг Монгол хүн бүрийг анхааралтай ажиглахад хүргэж, талцахад хүргээд байгаа.
Тэгвэл энэ хэргийн тал дээр Японы хэвлэлүүд болон сүмо бөхийн холбоо дараах байр суурьтай байна.
Японы сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Хаккаку “Энэ алдаа нь сэтгэл гонсойлгосон хэрэг байлаа. Уг хэргийг хариуцаж аван шийдэхээр ажиллаж буй комисс энэ хэрэгтт холбогдох бүх баримтыг нухацтай авч үзэх болно” гэв.
Харин зодог тайлсан ёкозуна Китанофүжи уг хэргийг уучлахад бэрх гэж үзэж буйгаа илэрхийлээд сүмо бөхчүүд нийгэмд өөрсдийгөө аварга том биетэй боловч найрсаг аальтай дүр төрхөөр танигдаж, олны хайр хүндлэлийг дааж биеэ авч явах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Тэрбээр “Энэ башёг өнжүүлэх шийтгэл нь хангалтгүй зүйл юм” гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьджээ.
Харин NHK телевизийн сүмо дагнан бичдэг судлаач Хиро Морита уг хэргийг сүмо бөхийн ирээдүйг ч ганхуулж болох үйл явдал байсан гэж үзэж буй гэнэ. Түүний үзэж буйгаар сүмо бөх нь спорт гэдэг ойлголтоос хамаагүй давсан зүйл аж. Тиймдээ ч манай Монгол үндэсний бөх хэмээх үндэстний онцлог хэв шинжийг агуулдаг, өв соёлыг өртөөчилдөг спорттой харьцуулж ойлгож болох юм. Тиймээс нийгэмд сайн сайхныг түгээн дэлгэрүүлж байх ёстой уг спортын хамгийн дээд цолтонтой холбоотой ийм скандал үүссэн нь өөрөө уучилж болшгүй явдал гэнэ. Ёкозуна буюу манайхны хэлж заншсанаар их аварга гэгдэх хүн нь талбай дээр ч тэр, талбайн гадна ч тэр бусад бөхчүүд болон нийгмийн үлгэр жишээ болж байх ёстой аж. Харин Харүмафүжигийн гаргасан энэ үйлдэл нь энэ дүр зургаас хэтэрхий холдсон явдал боллоо гэв.
Сүмо бөхтэй холбоотой үүсч байгаа анхны дуулиан нь энэ биш юм. Өмнө нь 10 гаран жилийн өмнө 17 настай хүүг 3 сүмоч бэлтгэл дээр нийлж зодсоноос болж амь насаа ч алдаж байсан хэрэг гарч байжээ. Уг хэргээс болж тухайн гурван сүмоч сумо бөхийн ертөнцөөс хөөгдөж, дэвжээний сургагч багш нь баривчлагдаж байсан байна.
Японы хэвлэлд мөн Асашорюү Д.Дагвадорж аваргыг бичихээ мартсангүй. 7 жилийн өмнө шөнийн цэнгээний газарт цуг явж байсан хүнээ цохиж, улмаар зодог тайлж байсан хэмээжээ.
Мөн 6 жилийн өмнө барилдаан тохиролцож, бидний хэлж заншсанаар “найраа” хийсэн хэд хэдэн бөхчүүд зодог тайлж байсан удаатай. Энэ бүхэн нь сүмо бөхийг үзэх үзэгчдийн үнэлэмж болон, харах өнцөгт нөлөөлж байна хэмээн NHK бичжээ. Иймэрхүү зүйлсээс болж сүмо бөхөөр хичээллэгсэдийн болон барилдах бөхчүүдийн тоо ч цөөрч байгаа гэнэ. 1990-ээд оны үед 1000 гаруй сүмоч барилддаг байсан бол одоо 600 хүрэхтэй үгүйтэй сүмоч барилдаж буй гэнэ. Мөн японы сайтад бичсэнээр энэ мэт үйлдэл гарсны дараа хэн ч хүүхдээ тийм хүчирхийлэлтэй газарт явуулахгүй гэж тодотгоод байна.
Ямартай ч их аварга Харүмафүжи Д.Бямбадорж энэ удаагийн бөшёг өнжөөд өнгөрөх төдийгөөр асуудал шийдэгдэхгүй бололтой. Эргэн сануулахад түүний цохьсон бөх нь өдгөө 27 настай, Таканойва А.Баасандорж юм. Уг хэргээс болж эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчлүүлсэн ажээ.
Эх сурвалж: www3.nhk.or.jp
Б.Энх-Амгалан
Уншиж байна |