Кени улсад сүүлийн10 сарын хугацаанд регбин 5 тамирчин нас барсан нь уг спортод хандах хандлагад нөлөөгөө үзүүлж эхэллээ. Майк Окомбэ гэгч тамирчин 11 сарын 4-нд амьсгал хураасан нь сүүлийн арван сарын хугацаанд гарсан тав дахь золгүй тохиолдол байжээ.
Эдгээр золгүй явдлуудын талаар Кени улсын Регбин холбооны ерөнхийлөгч асан “Манай улсын спортын түүхэнд гарч байгаагүй ийм уй гашууд автуулсан золгүй явдлууд нь бүгд л хэн ч хүсээгүй зүйл байлаа. Маш богино хугацаанд авьяаслаг 5 тамирчнаа алдсан нь тийм амар ойлгох асуудал биш юм” хэмээсэн байна.
Энэ жил 27 настай байсан Окомбегийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр тэрээр цээж, толгой, нуруу, хацар зэрэг газартаа хутгалуулж дотуур цус алдсаны улмаас нас нөхчсөн гэсэн хариу гарчээ. Талийгаачийн үхэлд 4 хүний баривчлан шалгаж байгаа юм байна. Эдгээрийн дунд түүний найз охиноос гадна гурван регбин тамирчин байсан гэж албаны эх сурвалж мэдээлжээ.
Өмнө нь 7 сарын 24-нд Жэймс Килонзо хэмээх тамирчин мөн цээжиндээ буудуулан нас бараад байсан юм. Мөн нэгдүгээр сард Эндрью Векеса гэгч тамирчин Найроби хотын ойролцоох жижиг сууринд найзындаа зочлоод явах замдаа дээрэмчдэд хутгалуулж амь насаа алдаж байсан байна. Эдгээр золгүй тохиолдлуудаас гадна хоёр ч тамирчин зүрхний дутагдал болон такл буюу хамгаалалтын мөргөлтөөс авсан гэмтлийн улмаас нас барцгаасан аж.
Эдгээрээс улбаалан тоглолтын үеэр тамирчидтай ойр байлгах түргэн тусламжын ажилчдын тоог нэмэгдүүлж, тоглолтоос бусад үед багаа орхин явж буй тамирчдыг заавал багийн удирдлагуудаас зөвшөөрөл авч байхыг заасан дүрмийн заалт зэргийг журмалж өгөхөөр ажиллаж байгаа аж.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |