2016 оны цагирган дээрээс тохолтын тэмцээнийг “бүх цаг үе” тодотголд хүртэл яриулж, аварга Зак Лавинаас дутахгүй уран гоё тохолтуудыг үзүүлж байсан хүн бол Орландо Мэжик багийн Аарон Гордон юм. Дөрөв дэх жилдээ лигт тоглож байгаа Мэжикийн довтлогч Гордон өөрийн замналынхаа хамгийн сайн он жилийг энэ жил гаргаж байгаа.
Тэгвэл тэрбээр энэ жил өөрийг нь лигээс уривал оролцохоос татгалзахгүй гэдгээ сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьджээ. Энэ талаар мэдээлсэн сэтгүүлч нь мөн хэрвээ тэрбээр энэ жил уг өрсөлдөөнд түрүүлж чадвал дараа жил чөлөөт агент болоход нь үнэтэй гэрээ хийхэд нөлөө үзүүлж болохыг тэмдэглэсэн байна. Энэ нь ч үнэний ортой юм. Сагсан бөмбөг бол бас л худалдааны бизнесүүдийн нэг юм. Энд чи үзэгчдийг хэр татаж чадна, тэр чинээгээр ажилтай явах магадлал их байдаг. Мэдээж хэрэг ур чадвар гэдэг зүйл хамгийн эхэнд тавигдах нь ойлгомжтой. Үүний араас олон нийтэд алдартай, тэдний дуртай нүүр царайг багтаа авч ирж суудлаа дүүргэх, өмсгөл зарах гээд бизнесийн талын ашгаа ч багууд харах нь дамжиггүй.
Тэгвэл түүнийг урихгүй байх магадлал бий гэж үү? Тэр бол лигийн хамгийн шилдэг цагирган дээрээс довтлогчдын нэг гэдгийг бид маш сайн мэднэ. Тиймээс сүүлийн жилүүдэд нэр хүнд нь зүрхний бичлэг шиг хэлбэлзэж байгаа цагирган дээрээс тохолтын тэмцээний нэг удаагийн өрсөлдөөнийг яагаад түүгээр тахалж болохгүй гэж? Хэн хэндээ л хэрэгтэй шүү дээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |