Рэппэр “Ice Cube”-ийн санаачилсан 3х3 сагсан бөмбөгийн Big3 нэртэй лиг явагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Үүндээ тэрбээр зодог тайлсан НБА-ын тоглогчдыг татан оролцуулж, тоглуулж байгаа нь хуучны сагсан бөмбөг сонирхогчдын сонирхлыг зүй ёсоор татдаг. Бидний сайн мэдэх Барон Дэвис, Аллэн Айвэрсон нараас эхлээд олон гоё тоглогчид энд тоглож биеийнхээ чилээг гаргадаг болсон. Тэгвэл Мэтта Уорлд Пийс буюу Рон Артэст нэрээр нь сайн мэдэх бидний танил сагсчин дараа улирлаас тус лигт тоглохоор болжээ.
Түүнийг Рон Артэст нэрээрээ тоглоно гэж лигийн холбогдох эх сурвалжууд мэдээлж байна.Харин Стэфэн Жэксон ахлагчтай “Killer 3’s” багт хүчин зүтгэнэ гэнэ. Тэрбээр яг одоогийн байдлаар Лос Анжелэс Лэйкэрс багийн тоглогчдын хөгжил хариуцсан дасгалжуулагчдийн нэгээр ажиллаж байгаа юм.
Мөн Аллэн Айвэрсон тус лигт дахин дасгалжуулагч, тоглогчоор эргэн ирэх боломжтой байгаа гэнэ.
Уг лигийн талаар НБА-д 11 улирлыг үдсэн ахмад холбон тоглогч Майк Жэймс “Хүмүүс анх уг лигийг даажигнал, эсвэл бодит зүйл гэдгийг аль нь болохыг мэдэхгүй хүлээж авч байлаа. Харин зодог тайлсан ахмад тоглогчид маань уг лигийг маш сайхнаар хүлээж авсан. Хүмүүст хүрч байгаад нь ч баяртай байгаа. Улирал тутам, дараа дараагийн улирлуудад бид өшөө олон олны танил зодог тайлсан сүпер оддыг энэ лигтээ харах болно. Ер нь НБА-с зодог тайлсан тоглогчдод хорхойгоо дарах, үзэгчидтэй ойр байх сүүлийн цэг нь манай лиг байх болно” хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьдлаа.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |