Сагсанбөмбөгийн Евролигийн тэмцээний VI тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Харин тойргийн сүүлийн тоглолт явагдаж дууссаны дараа шилдэг тоглогчийг тодруулахад Туркийн Анадолу Эфес багийн туршлагатай төвийн тоглогч Владимир Штимац шалгарчээ. Түүний баг энэ тойрогт Испанийн Барселона клубын талбайд зочилж, 89-85 гэсэн оноогоор ялалт байгуулснаар улирлын эхний хожлоо авсан билээ.
Энэ жил 30 настай Серби эр уг тоглолтод зогсошгүй байсан бөгөөд 22 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 2 бөмбөг таслалт хийсэн аж. Улмаар түүний ашигтай тоглолтын хувь +29 оноонд хүртсэн нь лигийн бүх тоглогчдыг тэргүүлэх үзүүлэлт болоод зогсохгүй мэргэжлийн замналынх нь дээд үзүүлэлт байлаа.
Жалгирис, Уникаха, Байерн, Црвена Звезда зэрэг Евролигийн хэд хэдэн шилдэг багуудын дамжиж тоглосон тэрбээр Сербийн шигшээ багийн хамтаар Олимпийн наадам, ДАШТ, ЕАШТ-үүдээс мөнгөн медаль хүртсэн билээ.
Г.Баяраа
Уншиж байна |