Английн Арсенал клубын шилдэг хамгаалагч Лоран Косельни төрөлх Франц улсынхаа шигшээ багт 2011 оноос хойш хүчин зүтгэж байгаа. Нягт нямбай тоглолттой туршлагатай хамгаалагч энэ жил 32 нас хүрч байгаа бөгөөд клубын замналаа удаан үргэлжлүүлэхийг хүсч байгаа нь гарцаагүй.
Тэгвэл Франц эр өчигдөр шигшээ багаас зодог тайлах болсноо зарласан байна. Гэхдээ тэрбээр ирэх жил ОХУ-д болох ДАШТ-ий дараа шигшээ багаа орхих болсон аж. Одоогоос 2 жилийн өмнө Францын шигшээ багийн хамт ЕАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан тэрбээр 2011 оны 2-р сард Польшийн эсрэг хийсэн тоглолтод анх удаа шигшээ багтаа дуудагдсан. Үүнээс хойш нийт 49 тоглолтод оролцоод байгаа аж.
Сонирхуулахад Лоран Косельни Францын шигшээ багийн төлөө цор ганц гоолыг оруулсан байдаг бөгөөд 2016 оны 6-р сард Шотландын эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр энэ гоол орсон аж.
Г.Баяраа
Уншиж байна |