Зак Лавин Найкигаас салж Адидас брэндийн нүүр царай боллоо. 2014 онд НБА-д орж ирснээсээ хойш Найки брэндийн пүүз өмсөж байсан Зак Лавин энэ улирлаас Адидас пүүз өмсөхөөр болж байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өдгөө 22 настай Чикаго Буллзын ирээдүй гэгдээд байгаа Лавин 4 жилийн 35 сая ам.долларын гэрээг Адидас брэндтэй үзэглэсэн байна. Энэ талаараа Лавин “Миний замналтай хамтдаа байж, намайг өсч дэвжихэд туслах хамтрагчийг би хайж байсан. Адидас брэнд надад нүүр царайгаа болох боломж олголоо. Адидас брэндийн чиг хандлага нь үнэхээр сэтгэл татам санагддаг. Сүүлийн жилүүдэд Адидас брэнд пүүзний загварыг хөгжүүлэх тал дээр бүтээлчээр хандаж, маш ихээр шинийг санаачилсан. Үүнийгээ ч маркетингийн зах зээлд амжилттай ашиглаж байгаа. Тэд намайг шинэ давалгааны эхлэл болгож байгаагаа тайлбарласан нь үнэхээр их сэтгэгдэл төрүүлсэн гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьджээ.
Адидас брэнд сүүлийн жилүүдэд НБА-ын тоглогчдод хандсан маркетингт маш их хөрөнгө зарцуулж байгаа. Тодруулбал Жэймс Хардэн, Дамиан Лиллард, Эндрью Виггинс нарын залуу оддыг тэд брэндийн нүүр царайгаараа сонгоод байгаа билээ. Дашрамд сонирхуулахад Лавин нь 2013-2014 онд UCLA-д байхдаа Адидас брэндийн пүүз өмсдөг байсан билээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард өвдөгний арын шөрмөсөө тасласнаас хойш талбайд гараагүй байгаа Лавин эргэж ирмэгцээ Адидас пүүзээр гангарах нь ойлгомжтой болж байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |