Ирэх 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхээ халаасласан Уругвайн шигшээ баг ирэх долоо хоногт хоёр ч нөхөрсөг тоглолтыг хийнэ. Шигшээ багийн дасгалжуулагч Оскар Табарес өчигдөр Европыг зорих бүрэлдхүүнээ зарласан бөгөөд үүнд Барселона клубын довтлогч Луйс Суарес багтаагүй байна.
Хамгаалагч Диего Годиноор ахлуусан үндсэн багийн довтлогчоор энэ жил өндөр формтой байгаа Эдинсон Кавани дуудагдсан бол Жирона(Испани) клубын Кристиан Стуани, Пачука(Мексик) клубын Жонатан Урретабискайя нар сэлгээнд дуудагджээ. Мөн хоёр шинэ залуу довтлогчыг шигшээ багт анх удаа дуудсан нь Сельта Виго(Испани) клубын Максимлиано Гомес, ПСВ(Нидерланд) клубын Гастон Перейро нар байсан юм.
Улирлыг гэмтэлтэй эхлүүлж, формоо олоогүй байгаа Луйс Суарез одоогоор Барселона багтай хамт 13 тоглолтод оролцоод байгаа. Тэрбээр хаалга руу чиглэсэн цохилтыг нийт 53 удаа гүйцэтгэснээс ердөө 3 нь гоол болоод байгаа юм.
Уругвайн шигшээ баг энэ сарын 10-ны өдөр Польш, 14-ний өдөр Австрийн шигшээ багийн талбайд зочилж тоглоно.
Г.Баяраа
Уншиж байна |