Гурван долоо хоногийн турш нарийн сандал дээл сууж, өдөрт дундажаар 200 км жийж, аагим халуун усан бороог үл тоон, өндөр уулсыг өгсөж, уналт, осол, гэмтэл бэртлийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүмүүс бол мэргэжлийн дугуйчид. Тэд жилд 220 хоног зочид буудлын өрөөнд хонож, 80 хоног турш уралдаж, 10 гаруй мянган км-ийг дугуйн дээр өнгөрүүлдэг гэсэн тоо баримт бий.
Тэгвэл Дэлхийд өндөр хэмжээнд үнэлэгддэг энэ спортын өнгө төрх болсон тамирчид хэдий хэмжээний цалин авдаг нь тодорхой биш. Тухайлбал, өнөө цагийн Дэлхийн шилдэг дугуйчин Крис Фрүүм (Их Британи)-ийн жилийн цалин ойролцоогоор 3 сая фунт хүрдэг бол Испани домог Алберто Контадор, Италийн Винчензо Нибали нарын цалин мөн үүнтэй ойролцоо гэсэн албан бус мэдээлэл бий. Энэ нь бусад мэргэжлийн спортуудтай харьцуулахад тун бага дүн юм.
Тэгвэл хэдэн жилийн өмнө ОУДХ-оос Мэргэжлийн дугуйчдын “цалингийн доод хэмжээ”-г баталж дээд ангиллын багуудад мөрдүүлж эхэлсэн нь дугуйчдын хувьд тун таатай мэдээ байсан юм. Гэхдээ энэ дүрэм ердөө эрэгтэй тамирчдад үйлчилж байсан бол 2019 оноос эмэгтэй тамирчдад үйлчлэх өндөр магадлалтай болоод байна. Мэргэжлийн тамирчдын холбооноос энэхүү саналыг ОУДХ-д хүргүүлсэн бөгөөд дээд байгууллага ч энэхүү саналыг дуртай хүлээн авсан байна. Үүнийг ажил хэрэг болгоход ОУДХ-ны удирдлагуудаас гадна Гранд Турын зохион байгуулагчдын үүрэг оролцоо их байх аж.
Сонирхуулахад 2017 онд эрэгтэйчүүдийн Элит ангиллын багийн цалингийн доод хэмжээ 29.370 евро байсан бол Мэргэжлийн Континенталь багийн цалингийн доод хэмжээ 25.300 еврод хүрч байсан аж.
Г.Баяраа
Уншиж байна |