Монголын 3х3 шигшээ багийн тамирчид төрийн дээд одон болох хөдөлмөрийн хүндэт медаль авлаа. Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, А.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй Улаанбаатар Хангарьд баг нь саяхан өндөрлөсөн 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд эх орныхоо нэрийн өмнөөс тоглож алтан медаль авсны дээр энэ онд болсон их дуулгын тэмцээнүүдэд ч амжилттай өрсөлдсөн билээ. Мөн дэлхийн оюутны лигийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож аварга болсон Ц.Отгонжаргал, Б.Батзолбоо, О.Энхбаатар, Б.Наранбаатар нарын залуу тамирчдад ч гэсэн уг одон медалийг МҮСБХ-ы ерөнхийлөгч , УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гардуулан өгсөн байна.
Манай 3х3 сагсчид дэлхийн чансаанд яг одоогийн буюу шинэчлэгдсэн байдлаар топ 100 дотор орж ирээд байгаа юм. Тодруулбал Монголын чансааг тэргүүлэгч Г.Цэнгүүнбаяр дэлхийн чансааны 49 дүгээр байранд, Азийн аваргын хамгийн үнэ цэнэтэй тоглогч Э.Дөлгөөн дэлхийн чансааны 52 дугаар байранд, Д.Дэлгэрням 58, Э.Цэрэнбаатар 87 дугаар байруудад тус тус бичигдэж байна. Мөн Улаанбаатар Хангарьд баг нь багийн чансаагаар 14 дүгээр байранд бичигдэж байгаа билээ. Харин Монгол улс эдгээр тамирчдын болон дасгалжуулагчдийн хөлс хүчээр Азийн чансааны 4, Дэлхийн чансааны 28 дугаар байранд бичигдэж эхлээд байгаа юм.
Дашрамд дурьдахад он гараад манай шигшээ багийг 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ хэмээх томоохон тэмцээн хүлээж байгаа бөгөөд Азийн аварга болсноор оролцох эрхээ халаасласан билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |