Снүүкер биллиардын топ одод болох Ронни О’Салливан болон Дин Жунхуй нар БНХАУ-ын Дачин хотод болж буй “Дэлхийн Снүүкер биллиардын олон улсын аварга шалгаруулах тэмцээн-2017”-ын эхний шатнаас хасагдлаа.
Эхний тойрогтоо нутгийн эзэн 17 настай Ян Бинтаотай таарсан Ронниг танхимд орж ирэхэд уламжлал ёсоор дийлэнхи үзэгч дэмжиж байлаа. Гэвч харамсалтай нь түүний шүтэн бишрэгчид шүтээнээ дахин энэ тэмцээний турш харах боломжгүй болсон юм.
Тоглолтыгг 2:0-ээр ялж эхлүүлсэн Ян гурав дахь тоглолтод хожигдсон. Гэхдээ дарааллан гурван тоглолт хожиж 5:1 харьцаатай тэргүүлж эхлэх үед Роннид бүх зүйл боломжгүй санагдсан биз. Ингээд долоо дахь тоглолтод Ян өрсөлдөгчөө тавхан оноо л авахуулж 68:5 харьцаатай ялалт байгуулсан юм.
“Хэрвээ тэмцээний турш ийм байвал Яныг зогсоох тоглогч гарахгүй байх. Бүх агуу тамирчид 17, 18 настайгаасаа л тэмцээнд түрүүлснээр тодорч эхэлдэг. Түүнд ч гэсэн тийм боломж бий” гэж шагайны бэртэлтэй байгаа “пуужин” хочит Ронни О’Салливан сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьдлаа.
Харин Дин Жунхуй 10 тоглолт тоглосны эцэст Роннитой хамт суухаар үзэгчдийн суудалд шилжсэн байна. Оливэр Лайнс түүний өрсөлдөгч байжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |