ФИБА буюу Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооны 3х3 сагсан бөмбөгийн салбар хороо, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохиож буй 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш “Crocus Event Hall”-д эхлэхэд бэлэн болжээ.
Уг тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 12 баг өрсөлдөх ёстой бол манай орныг эрэгтэй 15 баг тамирчид зорин ирээд байна. Иймээс маргааш өрсөлдөх 12 багийг тодруулахын тулд тэгшитгэлийн буюу урьдчилсан тоглолтуудаар уг тэмцээн эхэлнэ. Чансаа доогуур 6 багаас 3 нь үндсэн тоглолтуудад тоглох эрхийн төлөө тоглох юм. Уг тэгшитгэлийн тоглолтууд 11:00 цагаас Туркменистан болон Малайзын багуудын тоглолтоор тэмцээний салхийг хагалах аж.
Манай улсын хувьд зохион байгуулагч орон учраас давуу эрхээ эдэлж, эрэгтэй эмэгтэй багууд маань үндсэн хэсэгт шууд орсон байгаа юм байна.
Манай эрэгтэй багийн тухайд “А” хэсэгт хүчирхэг Японы баг болон Бахрэйний багуудтай учраа таараад байгаа. Бахрэйний баг дэлхийн чансааны 52, Ази тивийн чансааны 12 дугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. Харин Японы багийн хувьд Дэлхийн чансааны 13-т бичигдэхийн сацүү тивийн чансааг тэргүүлж байгаа. Уг хэсгийн тоглолт 18:30 цагаас Монгол Бахрэйний тоглолтоор эхлэх бол манай баг дараагийн тоглолтондоо 20:05 цагаас Японы багийн эсрэг тулах юм.
Японы багийн хувь тэмцээний гол фаворит билээ. Гол тоглогч нь Томоя Очиай хэмээх 195 см өндөртэй, 88 кг жинтэй тоглогч байна.
Манай багийн хувьд дэлхийн чансааны 30, Азийн чансааны 4 дүгээр байранд эрэмбэлэгдэж байгаа юм. Мөн манай багийн тоглогчид хувийн чансаагаар дэлхийн шилдэг 250 дотор бүгд бичигдэж байгаагаас Э.Дөлгөөн 77-р байранд, Г.Цэнгүүнбаяр 79, Д.Дэлгэрням 90, Э.Цэрэнбаатар 180 дугаар байруудад тус тус эрэмбэтэй байгаа.
Харин эмэгтэй баг маань тэмцээний төдийгүй дэлхийн шилдэг багуудын нэг БНХАУ-ын баг болон Шри-Ланкын багуудтай учраа таараад байгаа юм. Эмэгтэй хэсгийн тоглолтууд бямба гаригаас эхлэх хуваарьтай байна.
Уг тэмцээний хэвлэлийн бага хурлын үеэр ФИБА 3х3 холбооны олон нийтийн харилцааны ажилтан Энни О’Ши тэмцээний бэлтгэл ажил болон зохион байгуулалт өндөр түвшинд байгааг онцлон тэмдэглэжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |