Өнгөрсөн даваа гарагийн шөнө Их Британийн Лондон хотод 2017 оны Дэлхийн шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа боллоо. Ballon d'Or нэрээрээ Дэлхий нийтэд танигдсан энэхүү шагнал нь тухай жилийн хамгийн шилдэг хөлбөмбөгчинд очдог бөгөөд 2017 оны шилдгээр Португалийн шигшээ баг болон Испанийн Реал Мадрид клубын сүпер од Кришиану Роналду тодорлоо.
Дэлхийн шилдгээр тав дахь удаагаа тодорч байгаа Португал эрийн хувьд ийнхүү Лионель Месситэй тэнцэж, дээд амжилтыг хамтдаа эзэмших болжээ. Энэхүү шагналыг ОУХБХ-нд бүртгэлтэй улс үндэстнүүдийн шигшээ багийн дасгалжуулагчид болон багийн ахлагчид мөн спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг юм. Тэгвэл санал асуулгын дараагийн байруудад Лионель Месси, Нэймар нарын шилдэг хөлбөмбөгчид орсон байна.
Роналду өнгөрсөн улиралд Реал Мадрид клубын хамтаар Аваргуудын лигт түрүүлснээс гадна Ла лигийн аварга цолыг хүртсэн юм. Тэрбээр өнгөрсөн улиралд 46 тоглолтод оролцож 42 гоолыг оруулсны 25 нь Ла лиг, 12 нь Аваргуудын лигийн хүрээнд оруулсан гоолууд байжээ.
Тэгвэл өнгөрсөн оны шилдэг дасгалжуулагчаар Реал Мадридын удирдагч Зинедин Зидан тодорлоо. Дасгалжуулагчийн замналаа эхлээд удаагүй байгаа Франц домогийн хувьд Ювэнтусийн Массимо Аллегри, Челсигийн Антонио Конте нарыг ардаа орхисон байна.
Харин өнгөрсөн улирлын шилдэг хаалгачаар Италийн Ювэнтус клубын домог Жианлуйжи Буффон тодорлоо. Ирэх 1-р сард 40 нас хүрэх Итали эр багийн хамтаар Италийн Сери А болон Италийн цомын тэмцээнд түрүүлснээс гадна, Аваргуудын лигийн финалд шалгарсан зэрэг өндөр амжилтыг үзүүлсэн билээ.
Жил бүрийн шагнал гардуулах ёслолын үеэр ОУХБХ-ны бэлгэдлийн шигшээ багийг зарладаг уламжлалтай. Гаргасан амжилтаараа байрлал бүртээ тэргүүлсэн шилдэг 11 тоглогч үүнд нэрлэгддэг бөгөөд хаалгачаар Жианлуйжи Буффон (Итали) , Хамгаалагчдаар Дани Алвеш (Бразил), Серхио Рамос (Испани) , Леонардо Бонуччи (Итали), Марсело (Бразил) нар, хагас хамгаалагчдаар Тони Кроос (Герман) , Лука Модрич (Хорват), Андрес Инеста (Испани), Леонель Мэсси (Аргентин) нар, харин довтлогчоор Криштиану Роналду (Португал), Нэймар (Бразил) нар сонгогджээ.
Жил бүрийн онцлох шагналуудын нэг нь оны шилдэг гоол байдаг. Тэгвэл өнгөрсөн улирлын шилдэг гоолоор Английн Арсенал клубын довтлогч Оливье Жиругын Кристал Палас багийн хаалганд оруулсан гоол тодорсон байна.
Мөн өнгөрсөн улирлын шилдэг хөгжөөн дэмжигчдийн шагналыг Шотландын Селтик клуб хүртсэн аж. Тэдний хувьд энэхүү шагналыг хоёр дахь удаагаа авч байгаа гэнэ. Тэгвэл шударга тоглолтын шагналыг Того довтлогч Фрэнцис Коне хүртжээ. Тэрбээр өнгөрсөн улиралд талбайд осолдож ухаан алдсан өрсөлдөгчдөө тэр дор нь анхны тусламж үзүүлж, амьдрал бэлэглэсэн бахархалт нэгэн юм.
Тэгвэл 2017 оны шилдэг эмэгтэйчүүдийн шагналыг Нидерланд бүсгүйчүүд хүртлээ. Шилдэг эмэгтэй тоглогчоор Нидерландын шигшээ багийн хагас хамгаалагч Лике Мертенс тодорсон бол шилдэг эмэгтэй дасгалжуулагчаар мөн л Нидерландын шигшээ багийн дасгалжуулагч Сарина Виегман шалгарсан байна. Дээрх бүсгүйчүүдийн хувьд өнгөрсөн онд Улбар шаруудыг Европын аварга болоход гол үүргийг гүйцэтгэсэн билээ.
Г.Баяраа
Уншиж байна |