Английн Эвертон клуб 2017-2018 оны улирлыг тун тааруу үргэлжлүүлж байгаа. Премьер лигийн нээлтийн тойрогт Сток ситиг буулган авч, дараа нь хүчирхэг Мансититэй тэнцсэн ч дараагийн тоглолтууд хангалтгүй байсан юм. Улмаар Эвертон эхний 9 тойргоос ердөө 8 оноо цуглуулж лигийн хүснэгтийн 18-р байр буюу хасагдах бүсэд бичигдэж байгаа юм. Хамгийн сүүлд тэд талбайдаа Арсенал клубт 2-5 харьцаатай хожигдсон билээ.
Тэгвэл багийн удирдлагууд өчигдөр шийдвэр гаргаж ерөнхий менежер Роналд Куманыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Нидерланд мэргэжилтний хувьд өнгөрсөн улирлаас эхлэх Мерсисайдын багийг удирдаж эхэлсэн бөгөөд анхны жилдээ боломжийн амжилтыг үзүүлж Европа лигийн эрх авч чадсан юм.
Харин 2017-2018 оны улирлын эхний 12 тоглолтоос ердөө 2 хожил авсан юм. Анх 3 жилийн гэрээтэйгээр Эвертонд очиж байсан Р.Куман тус багийг удирдаж нийт 58 тоглолт хийснээс 24 хожил, 14 тэнцээ, 20 хожигдол буюу 41.3 хувийн амжилттай орхиж байна.
Г.Баяраа
Уншиж байна |