Раллигийн ДАШТ-ий домогт оролцогчид өнгөрсөн амралтын өдөр Сан Маринод цуглаж нэгэн арга хэмжээнд оролцжээ. Энэ нь Их Британийн домогт нисгэгч, 1995 оны Дэлхийн аварга Колин Макрейгийн дурсгалыг хүндэтгэх ёслол байлаа.
Уг арга хэмжээнд талийгаачийн хамтран зүтгэгчид болох Карлос Сайнз, Луйс Мояа нарын шилдгүүдээс гадна домогт Себастьен Лоеб, Дидье Ориоль, Петтер Солберг өнөө цагийн тод од Себастьен Ожье нарын тэргүүтэй Дэлхийн аварга арван тамирчин оролцсон байна.
Улмаар шилдэг нисгэгчид Колин Макрейгийн унаж хурдалж байсан машинуудаар хоорондоо өрсөлдөж, үзэгчдийг хөгжөөсөн байна. Үүнд 1992 оны Шведийн раллид түрүүлж байсан Subaru Legacy RS , 2003 онд Шотландад уралдаж байсан Citroën Xsara зэрэг хэд хэдэн загварууд багтсан аж.
Колин Макрейгийн хувьд мэргэжлийн замналдаа Субару, Ситройн, Форд, Шкода зэрэг багт уралдаж байсан бөгөөд ДАШТ-ий 146 гараанд оролцож 25 ялалт байгуулж байсан шилдэг тамирчин билээ.
Тэрбээр 2007 оны 9-р сард Шотланд улсад байдаг өөрийн гэрийн ойролцоо нисдэг тэрэгний ослоор нас барсан юм.
Г.Баяраа
Уншиж байна |