Дэлхийн хошой аварга Испани нисгэгч Фернандо Алонсо ирэх 2018 оны улиралд дахин Макларен багтаа уралдахаар болжээ. Сүүлийн 3 улирлыг хар дарсан зүүд мэт өнгөрүүлсэн 36 настай Испани эрийн хувьд ирэх улирлаас багийн амжилт эрс сайжирна гэдэг итгэлтэй байгаа аж.
Учир нь Макларен баг одоогийн хөдөлгүүрийн хамтрагч Хондаг орхиж, ирэх улирлаас Ренотой хамтран ажиллахаар болсон нь багт томоохон өөрчлөлт авчирна гэж үзэж байна. Хэдийгээр Макларен хуучны сайн хамтрагчтай 3 улирлыг ардаа хийсэн ч өрсөлдөхүйц хэмжээний амжилтыг гаргасан удаагүй.
2015 оноос эхлэн дахин Макларенд нэгдсэн тэрбээр 3 улирлын хугацаанд нийт 53 гранприд уралдсан бөгөөд эхний 10 байранд ердөө 13 удаа шалгарч, нийт 75 оноог цуглуулснаас гадна 16 уралдааныг дуусгаж чадалгүй эрт орхисон байна. Энэ нь Дэлхийн хошой аварга Испани эрийн замналын хамгийн тааруу үзүүлэлт болж байгаа юм.
Шинэ улиралд хөдөлгүүрийн хамтрагчаа солих болсон Макларен баг хоёр үндсэн нисгэгчээ авч үлдэхээр болжээ. Тэд өнгөрсөн сард Бельгийн залуу нисгэгч Стоффель Вандорнтой дахин нэг жил хамтрахаар болсон билээ.
Г.Баяраа
Уншиж байна |