ФИБА 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улс зохион байгуулах болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. 10 сарын 27-29 хооронд Крокус эвэнт холлд болох уг тэмцээн нь Олимпын оноо олгох маш чухал ач холбогдолтой тэмцээн юм. Тэгвэл уг тэмцээний талаарх мэдээллийг өнөөдөр зохион байгуулагч нар сэтгүүлчдэд өглөө. Уг хэвлэлийн бага хурлын үеэр тус тэмцээний ач холбогдол болон богино хугацаанд үсрэнгүй хөгжиж буй уг спортын төрлийн талаар танилцуулсан юм.
Манай сагсан бөмбөгчид сүүлийн хоёр жилийн хугацаанд 3х3 сагсан бөмбөгтэй танилцаж байгаа гэж ойлгож болно. Гудамжинд гурав гурваараа тоглодог хүүхэд залуус мэргэжлийн тамирчид болох боломжтойг манай баг тамирчдын томоохон амжилтуудаас харж байгаа юм. Уг хэвлэлийн бага хурлын үеэр манай 3х3 сагсан бөмбөгийн анхдагч багуудын нэг Улаанбаатар Хангарьд багийн тамирчид болон дасгалжуулагч С.Тулга нар мөн ирсэн.
Тэд энэ онд гаргасан амжилтууд тэр дундаа их дуулгын цувралд оролцож эхний 4т орсон,мөн оюутны баг болох Мон-Алтиус баг оюутны лигийн дэлхийн аварга болж улмаар Мексикийн их дуулгад оролцсон зэрэг амжилтуудыг дурьдаад анх удаагаа зохиогдож буй уг тэмцээнийг өргөнөөр ирж үзэхийг уриалсан.
Азийн аварга шалгаруулах тэмцээнд 2015 оны дэлхийн аварга Катарын баг, мөн Австрали, Шинэ Зеланд зэрэг 5х5 буюу уламжлалт сагсан бөмбөг маш өндөр хөгжсөн багууд ирж байгаа юм. Үүн дэрээс Япон, БНХАУ, БНСУ зэрэг сагсан бөмбөг үсрэнгүй хөгжиж буй орнууд ирэх юм.
Дашрамд сонирхуулахад зургаан сарын өмнө дэлхийн чансааны 190 дүгээр байранд бичигдэж байсан манай улсын эрэгтэй шигшээ баг яг одоо дэлхийн чансааны 34 дүгээр байранд бичигдэж байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |