Ердөө 2 жилийн өмнө Үнсгэлжингийн үлгэрийг амьдрал дээр биелүүлж, Премьер лигийн аварга цолыг хүртэж байсан Лестер сити клуб энэ улиралд тун тааруу эхлэлийг хийгээд байгаа. Улмаар багийн удирдлагууд ерөнхий менежер Крейг Шекспирийг ажлаас нь чөлөөлөөд байгаа. Ингэснээр Лестерийн Тайланд эзэд 2017 онд 3 дахь дасгалжуулагчийнхаа нүүрийг үзэх болсон юм.
Тэд энэ оны II сард Клаудио Ранериг, улмаар 10-р сард Крейг Шекспирийг ажлаас чөлөөлөөд байгаа юм. Одоогоор багийн менежерийн ажлыг Майкл Аплтон гүйцэтгэж байгаа ч тун удахгүй шинэ менежер очих нь тодорхой билээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар багийн удирдлагууд Английн шигшээ багийн дасгалжуулагч асан Сэм Аллердайстэй холбогдсон нь бүтэлгүйтсэн аж. Учир нь Сэм Аллердайс өөр ажлийн санал хүлээн авсан байх өндөр магадлалтай бөгөөд түүнийг АНУ-ын шигшээг удирдах тухай цуу яриа газар авч байгаа юм.
Лестерийн эзэд мөн одоо эрхэлсэн ажилгүй байгаа Карло Анчелотти, Лоран Блан нарын шилдэг дасгалжуулагчид руу утас цохиж үзжээ. Мөн тэдний холбогдсон мэргэжилтнуудийг жагсаалтанд Боруссиа Дортмундын дасгалжуулагч асан Томас Тухель, Хаддерсфилд Тауны Дэвид Вагнер, Уэльсийн шигшээ багийн Крис Коулмэн болон Бөрнли клубын менежер Шон Дайч нар багтаж байна.
Одоогоор клубын эзэд тэдний хэн нэгэнтэй тохиролцсон мэдээ гараагүй байгаа ч Лестерт ирсэн менежерийн өмнө хүнд даалгавар байгаа гэдэг нь тодорхой билээ. Үнэгнүүд АПЛ-ий эхний 8 тойргоос ердөө 6 оноо авч, хасагдах бүсэд бичигдэж байгаа юм.
Г.Баяраа
Уншиж байна |