Вуэльта Испани уралдааны ялагч, Италийн шилдэг дугуйчин Фабио Ару ирэх улирлаас шинэ багт хүчин зүтгэхээр болжээ. Өнгөрсөн улирлын Элит ангиллын эрхтэй болсон АНЭУ-ын Эмирэтс баг түүнтэй өндөр үнэ бүхий гэрээ үзэглэсэн байна. 2012 онд анх мэргэжлийн дугуйчин болсон Итали залуу Казахстаны Астана багт 5 улирлыг үдэхдээ Дэлхийн шилдгүүдийн нэг болтлоо өсч дэвжсэн билээ.
Уулын уралдааны онцгой чадвартай Итали залуу 2015 онд Жиро д Итали уралдааны шилдэг залуу тамирчнаас тодорсон бөгөөд тэр жилдээ Вуэльта Испани уралдааны ялагчаар тодорч, Винчензо Нибали, Крис Фрүүм нарын шилдгүүдийг ардаа хийж чадсан юм.
Фабио Аругийн Астанатай байгуулсан гэрээ дуусаагүй байсан учраас энэ шилжилтэд Казахстаны багийн нөлөө үлэмж байсан аж. Ф.Ару өнгөрсөн зунаас эхлэн гэрээ цуцлах хүсэлтээ Астанад өгч байсан ч өчигдөр эцсийн хариу гарч шинэ багт нэгдэхээр болжээ.
Энэ жил 27 настай Итали залуу Эмирэтс багтай 3 жилийн гэрээ үзэглэж байгаа аж.
Г.Баяраа
Уншиж байна |