Ирэх жил манай хойш хөршид болох хөлбөмбөгийн ДАШТ-нд нийт 32 баг орохоос 23 нь тодорхой болоод байна. Үлдсэн 9 шигшээ багийн 4 нь Хөлбөмбөгийн спорт хамгийн өндөр хөгжсөн бүс болох Европ тивээс тодрох учиртай. Тэгвэл өнгөрсөн шөнө Швейцарийн Цюрих хотод байрлах ОУХБХ-ны төв байранд 8 багийн хооронд оноолт хийх сугалаа болжээ.
Европын бүсийн эхний шатанд ЕХБХ-ны гишүүн 54 орны багууд бүгдээрээ тоглосон бөгөөд хэсгээ тэргүүлсэн 9 баг шууд Оросын зорих эрхээ авсан. Харин дэд байраар шалгарсан 9 багийн 8 нь плейоффын сугалаанд оролцож, хамгийн тааруу үзүүлэлтэй нэг баг нь шууд гэртээ харих болсон юм. Энэ удаад хэсгийн шатнаас 12 оноо цуглуулсан Словакийн шигшээ баг хасагдсан байна.
Ингээд үлдсэн 8 багийг ОУХБХ-ны чансаагаар ангилан 2 сагсанд хийжээ. Өөрөөр хэлбэл өндөр чансаатай клубүүд хоорондоо таарахгүй байхаар бодолцсон аж.
Ийнхүү сугалааг явуулахад:
Хойд Ирланд-Швейцарь
Хорват-Грек
Дани-Ирланд
Швед-Итали гэсэн багууд учраа таарсан байна.
Эдгээр клуб дүрэмд зааснаар эзэн, зочин гэсэн 2 тоглолтыг хийж, нийлбэр дүнгээр ялагчид тодрох юм. Эхний тоглолтууд 11-р сарын 9-11-ний өдрүүдэд болох бол хариу тоглолтууд 12-14-ний өдрүүдэд болж, ОХУ-г зорих 4 багийн нэр тодрох юм.
Г.Баяраа
Уншиж байна |