Монгол улсын шигшээ баг, Алдар Спорт хорооны тамирчин ОУХМ М.Түмэнбаяр Англи улсын Лондон хотыг зорилоо. Тодруулбал Лондон хотноо 10 сарын 20-оос 22-нд болох гран при тэмцээнд оролцох юм. Тэрбээр өчигдөр дасгалжуулагч багш Хо Ин Ёны хамт эх орноосоо морджээ.
Уг гран при тэмцээн нь жилд 4 болдог гран при цувралын нэг юм. Энэ жил зохиогдож буй 3 дахь нь аж. Өмнөх хоёр нь ОХУ-ын Москва хот болон Марокко улсын Рабат хотуудад календарчилсан төлөвлөгөөний дагуу явагдсан. Харин энэ жилийн хамгийн сүүлийнх нь Кот д’Ивуар улсын хуучин нийслэл Абижан хотод 12 дугаар сарын 2,3-нд зохиогдох юм. Уг цуврал гран при тэмцээнүүд нь Олимпын оноо олгодог учраас таеквондогийн ертөнцөд хамгийн нэр хүндтэйд тооцогддог.
Лондонгийн гран прид 1 цагаан хуудсаар орж байгаа орон болон 56, нийт 57 орны 213 тамирчин эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв буюу Олимпын жингийн ангилалд өрсөлдөх юм байна. Эдгээр тамирчдын хожил хожигдлыг 50 шүүгч дэнслэхээр ийнхүү будант Албионд цуглажээ. Эрэгтэй тамирчид 58, 68, 80, +80 кг гэсэн жингийн ангилалд хурд хүч, авхаалж самбаагаа үзэх бол эмэгтэй тамирчид 49, 57, 67, +67 кг-д Олимпын онооны төлөө өрсөлдөнө.
Манай тамирчны тухайд анх Т.Солонго багшийн удирдлага дор “Нэгэн бүл” клубээс тамирчны гараагаа эхлүүлж байсан юм. Олимпын оноо авах тэмцээндээ амжилт үзүүлэхийг нийт таеквондочдийн өмнөөс хүсье.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |