Английн 20 хүртэлх насны залуучуудын шигшээ багт олон шилдэг тоглогчид багтаж байгаагийн нэг нь хамгаалагч Каллум Бритайн билээ. Энэ жил I лигийн Милтон Кинс Донс багт тоглож байгаа тэрбээр энэ улиралд онцгой сайн байгаа бөгөөд шигшээ багтаа дуудагдан Итали, Чехийн залуучуудын шигшээ багуудын эсрэг тун сайн тоглолтыг үзүүлж тус бүр 1 гоолыг оруулсан юм.
Довтолгоонд өндөр санаачилгатай, хамгаалалтын алдаа багтай чадварлаг залууд хэд хэдэн багуудаас санал ирсэн нь нууц биш ч тохиролцоонд хүрч чадсан баг нэг ч гараагүй байна. Энэ багуудын дунд Чэмпионшипийн хэд хэдэн багаас гадна Саутхэмптон клуб багтаж байсан аж.
Тэгвэл 19 настай баруун жигүүрийн хамгаалагчийг Премьер лигийн том багууд мөн сонирхож эхэлжээ. Энэ сард болсон залуучуудын шигшээ багийн тоглолтын дараагаар Челси, Тоттэнхэм гэсэн Лондон хотын кулбүүд түүнийг сонирхож эхэлсэн байна. Түүний тоглож байгаа Милтон Кинс Донс багийн хувьд сүүлийн жилүүдэд чадварлаг залуусыг бэлдсээр байгаа. Жишээлбэл Английн шигшээ баг болон Тоттэнхэм клубын шилдэг хагас хамгаалагч Деле Алли тус багаас гаралтай аж.
Г.Баяраа
Уншиж байна |