Манай гаригийн хамгийн нэр хүндтэй, хамгийн олон үзэгчтэй, хамгийн олон улсыг хамарч чаддаг тэмцээн нь Хөлбөмбөгийн ДАШТ. Хэдийгээр сүүлийн шатанд шилдэг 32 баг өрсөлддөг ч энэхүү өрсөлдөөнөөс 3 жилийн өмнө урьдчилсан шатны тоглолтууд эхэлж, ОУХБХ-ын холбоонд бүртгэлтэй 211 улс үндэстний багууд хоорондоо өрсөлддөг уламжлалтай.
Зохион байгуулагч орны шигшээ баг тухайн тэмцээнд давуу эрхтэйгээр шууд оролцдог бол үлдсэн 31 эрхийг ОУХБХ өөрийн салбар холбоодод(confederation) чансаагаар хувааж, энэ эрхүүдийн төлөө тухай тивийн шигшээ багууд өрсөлддөг учиртай.
Ирэх 2018 онд 21 дэх удаагийн ДАШТ ОХУ-д зохиогдоно. Тэгвэл энэхүү тэмцээнд оролцох 4.5 ширхэг эрх Азийн хөлбөмбөгийн холбоонд иржээ. Өөрөөр хэлбэл 4 баг шууд эрхээ авах бол 1 баг плейоффын тоглолт хийж, ДАШТ-ийг зорих эсэхээ шийдэх юм.
Азийн хөлбөмбөгийн холбоо(AFC) нь нийт 46 гишүүн улстай. Үүнээс харахад ОУХБХ-нд гишүүнчлэлтэй нийт улсын ¼ нь тус тив багтдаг өнөр гэр бүл. Гэсэн хэдий ч Азийн орнуудын хөлбөмбөгийн хөгжил, үзүүлсэн амжилт бусдаасаа бага учраас цөөн эрх дээр олон баг өрсөлддөг сул талтай.
Нийт 46 гишүүн оронтой Азийн хөлбөмбөгийн холбоо чансааны 1-34-р байранд байгаа орны багуудад шууд 2-р шатнаас өрсөлдөх боломж олгосон бол 35-46-р байранд жагссан сүүлийн 12 орны багаа эхний шатанд өрсөлдүүдсэн юм. Энэ шатнаас Монгол Улсын шигшээ баг ДАШТ-ээ эхлүүлсэн ч өрсөлдөгч Зүүн Тиморын багт хоёр тоглолтын нийлбэрээр 5-1 харьцаатай хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.
Хоёр болон гуравдугаар шатанд багууд хэсэгт хуваагдан өрсөлдсөн бөгөөд 2015 оны 6-р сараас 2017 оны 9-р сар хүртэл хугацаанд нийт 220 тоглолт болж 4 баг эрхээ халаасалсан юм.
Дэлхийн чансаа – 25
Хоч – Team Melli
Эрхээ авсан өдөр – 2017.06.12
ДАШТ-д оролцсон тоо-4
Үзүүлсэн дээд амжилт-1978, 1988, 2006, 2014 оны хэсгийн шат
Ази тивээс ДАШТ-ний эрхээ хамгийн түрүүнд авсан баг нь Ираны шигшээ. Сүүлийн жилүүдэд тогтмол Азийн чансааг тэргүүлж байгаа тус баг урьдчилсан шатанд нийт 18 тоглолтыг хийж эрхээ өвөртөлсөн юм. Энэ тоглолтуудад тэд нэг ч хожигдол амсаагүй бөгөөд 12 хожил, 6 тэнцээтэй гарч ирсэн нь тивдээ тэргүүлэх үзүүлэлт болсон билээ. Тэд урьдчилсан шатны тоглолтуудад нийт 36 гоол оруулж 5 гоол хаалгандаа алдсан юм. Багийн мэргэн бууч нь 22 настай довтлогч Сердар Азмун байсан бөгөөд нийт 11 гоолыг оруулжээ.
Дэлхийн чансаа- 40
Хоч-Хөх Самурай
Эрхээ авсан өдөр- 2017.08.31
ДАШТ-д оролцсон тоо-5
Үзүүлсэн дээд амжилт-2002, 2010 онд шөвгийн 16
Наран улсын баг 1998 оноос хойш тасралтгүй ДАШТ-д оролцож Ази тивийн тогтмол үзүүлэлттэй багуудын тоонд нэрлэгдэж байна. Урьдчилсан шатанд хийсэн 18 тоглолтдоо тэд 13 хожил, 3 тэнцээ, 2 хожигдолтой гарч ирсэн. Хөх Самурайнуудыг гол тоглогч Кэйсүкэ Хонда (7 гоол), Шинжи Кагава (6 гоол) нар оруулсан гоолоороо тэргүүлжээ.
Дэлхийн чансаа-51
Хоч-Тэжугийн Дайчид, Улаанууд
Эрхээ авсан өдөр-2017.09.05
ДАШТ-д оролцсон тоо-9
Үзүүлсэн дээд амжилт-2002 онд 4-р байр
Азийн тивийн хамгийн өндөр амжилтын эзэн БНСУ-ын баг ДАШТ-д 10 дахь удаагаа оролцох болсон аж. Урьдчилсан шатнаас нийт 12 хожил, 3 тэнцээ, 3 хожигдолтой гарч ирсэн тэд 3-р шатны“А” хэсгийн дэд байраар шалгарсан юм. 2002 онд нутагтаа болсон ДАШТ-ий 4-р байранд шалгарч байсан тэдний хувьд 1986 оноос хойш тасралтгүй ДАШТ-д оролцож байгаа нь тивдээ тэргүүлэх үзүүлэлт билээ. Тус багаас хамгийн сайн тоглолтыг үзүүлсэн тамирчин нь довтлогч Сон Хын Мин байсан бөгөөд нийт 7 гоолыг нэр дээрээ бүртгүүлжээ.
Дэлхийн чансаа-53
Хоч-Ногоон Шонхорууд
Эрхээ авсан өдөр-2017.09.05
ДАШТ-д оролцсон тоо-4
Үзүүлсэн дээд амжилт-1994 онд шөвгийн 16
Азийн бүсийн урьдчилсан 3-р шатанд хамгийн том үсрэлт хийж чадсан баг нь Саудын Араб. Тэд энэ шатад Япон, Австрал, АНЭУ-ын багуудын эсрэг тун чухал хожлуудыг авснаар “B” хэсгийн дэд байраар шалгарч ДАШТ-д 5 дахь удаагаа оролцох болсон юм. Ногоон Шонхоруудаас туршлагатай довтлогч Мухаммед Аль Сахлави онцгой сайн байж 16 гоолыг оруулснаар Азийн бүсийн мэргэн буучаар тодорсон билээ.
Ийнхүү Ази тивээс ОХУ-ын зорих 4 орны баг эрхээ халааслаж чадлаа. Харин үлдсэн нэг боломжыг Австралийн шигшээ баг эдлэхээр болсон юм. Тэдний хувьд энэ сард Сирийн эсрэг тоглож хоёр тоглолтын нийлбэрээр 3-2 харьцаатай буулган авснаар плейоффын өрсөлдөөнийг хийх эрхтэй болжээ.
Ногоон тивийн баг Төв болон Хойд Америк, Карибын орнуудаас 4-р байраар шалгарсан Гондурасын багтай тоглож аль хожсон нь Оросын зорих тийзээ захиална. Энэ тоглолтууд ирэх 11-р сарын 6,14-ний өдрүүдэд болно.
Г.Баяраа
Уншиж байна |