Мемфис Гриззлийс баг Тони Аллэний дугаарыг мөнхөлнө. Энэ зуны солилцоо наймаагаар Нью Орлеанс Пэликанс багт ирчихээд байгаа Тони Аллэн 2010 онд Мемфис Гриззлийс багт ирж байлаа. Тэрбээр 7 улирал Мемфисийн төлөө тоглохдоо 462 тоглолтод оролцож 8.9 оноо, 4.3 самбар, 1.7 бөмбөг таслалт дунджилж байсан юм. Мөн үүнээсээ гадна “Бүх НБА-ын хамгаалалтын 1-р баг”-т 3 удаа, хоёрдугаар багт мөн гурван удаа багтаж байжээ.
Уг шийдвэрийн талаар багийн эзэн Роберт Пера “Мемфис Грийзлийс баг 7 жил дарааллан плэй оффт орсон амжилттай салшгүй холбоотой хүн бол Тони. Тиймээс манай багийн хамгийн хүндтэй гишүүдийн нэг гэж хэлж болно. Тони хэнтэй ч харьцуулашгүй хөдөлмөрч нэгэн. Маш том зорилготой тоглодог. Өнөө цагийн Гриззлийс багийн яхир хатуу хамгаалалт бүхий сагсан бөмбөгийн суурийг тавилцсан хүн гэж ойлгоход болно. Тэр өөдөөсөө тоглож байгаа хүн болгоныг амаргүй сорилтод оруулдаг. Түүний багийнхаа төлөө хийсэн бүхэнд талархаж явдаг. Тэр бол Мемфисийн багийг дахин давтагдашгүй хэв маягтай болоход нөлөөлсөн гол хүчин зүйл. Түүний өмсдөг 9 дугаар ФэдЭкс Форум ордны дээврээс Закын дугаартай хамт унжиж байх болно гэдгээр бид үргэлж бахархана” гэжээ.
Тус багийн зүгээс Зак Рэндольфийн дугаарыг зодог тайлсных нь дараа мөнхөлнө гэдгээ мөн мэдэгдээд амжсан билээ. Тэд дугаараа мөнхжүүлснээр тус багт цаашид тоглох тоглогчид уг хоёр тоглогчийн дугаарыг сонгон өмсөх боломжгүй болох юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |