Манай гаригийн хамгийн олон үзэгчтэй тэмцээн болох хөлбөмбөгийн Дэлхийн аварга ирэх 2018 онд ОХУ-д зохиогдоно. Уг тэмцээний өмнө аварга багт очдог Алтан цомын аялал Дэлхий даяар хийгддэг уламжлалтай.
Өнгөрсөн 9-р сарын 9-ны өдөр ОХУ-ын Москва хотоос эхэлсэн цомын аялал 11-р сарын 26 хүртэл Оросын 15 өөр хотоор үргэлжлэх бөгөөд энэ цаг мөчид Ярославль хотод үргэлжилж байгаа аж.
Харин дараа нь ОХУ-ын Сочи хотоос гарч Дэлхийн өнцөг булан бүрт очиж 50 гаруй орноор аялах аж. 2018 оны 1-4 дүгээр сард зохиогдох энэ аялалын маршрутад анх удаа Монгол Улс багтжээ. Цомын аялал нийт 126 мянган км үргэлжлэх нь түүхэн дэх хамгийн урт аялал болж байгаа аж.
Аялал Тайландын Бангкок хотоос эхлэх бөгөөд номхон далайн орнуудаар дамжин, Ойрх дорнод, Африк, Европ, Өмнөд болон Хойд Америкт очиж аж. Улмаар АНУ-ын Лос Анжелес хотоос гарч Германы Берлин хотоор дамжин Улаанбаатар хотод ирэх гэнэ. Харин манай улсаас Хятадын Бээжин, Шанхай , Японы Токио хотуудаар дайраад эргэн ОХУ-ын нутагт шилжих аж.
Хэдийгээр Алтан цомын ОУ-ын аялалын хуваарьт өдрүүдэд хараахан зарлагдаагүй байгаа ч 2018 оны дөрөвдүгээр сард Монголд ирэх боломжтой юм.
Анх 1974 оны ДАШТ-ээс эхлэн уг цомыг Дэлхийн аварга багт өгөх болсон бөгөөд эх хувь нь Швейцарийн Цюрих хотод байрлах ОУХБХ-ны музейд хадгалагддаг юм.
Сонирхуулахад уг цомыг хийхэд 18 карат(75%)-ын 5кг шижир алт ашигласан бөгөөд 36.5 см өндөртэй, тойргийн хэмжээ нь 13см байдаг бол нийт жин нь 6.175 кг хүрдэг байна.
Г.Баяраа
Уншиж байна |