Ирэх 2018 оны намар 19 хүртэлх насны залуучуудын Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн Индонез улсад болно. Тэгвэл энэхүү тэмцээний эрхийн төлөө Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн 47 орноос 43 нь өрсөлдөх юм. Энэ өрсөлдөөнд Бутан, Кувейт, Пакистан, Гуамын багуудаас бусад нь бүгд оролцох аж.
Холбооноос гаргасан дүрмийн дагуу 10 дугаар сарын 31-нээс ирэх 11 дүгээр сарын 8 хүртэл багууд эрхийн төлөө өрсөлдөх юм. Энэ өдрүүдэд Ази тивийн 8 улсад эрхийн төлөөх тоглолтууд зэрэг зохиогдох бөгөөд хэсгийн аварга болсон нэг баг шууд эрхээ авах бол дэд байранд шалгарсан 8 багийн сайн үзүүлэлттэй 5 нь мөн тэмцээний эрхээ өвөртөлнө.
Манай улсын 19 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн хувьд тэмцээний “I” хэсэгт багтсан бөгөөд эрхийн тоглолтуудаа Улаанбаатар хотдоо хүлээн авах болжээ.
Тэд талбайдаа Япон, Тайланд, Сингапурын залуучуудын шигшээ багийг хүлээн авч өрсөлдөх юм. Ирэх сарын 4-ний өдөр манай баг Японы эсрэг эхний тоглолтоо хийх бол 11-р сарын 6-нд Тайланд, 11-р сарын 8-нд Сингапурын багтай тоглох юм.
Г.Баяраа
Уншиж байна |