Мэргэжлийн боксын WBC холбооны хүнд жингийн аварга Деонтей Уайлдер аваргаа хамгаалах ээлжит тулаанаа хийх тов гарлаа. Замналдаа 38 тулаанд орохдоо ганц ч ялагдаагүй байгаа тулаанч эрийн өрсөлдөгч нь Гайтид төрсөн Канад боксчин Бермейн Стиверн байх юм. Өмнө нь хоёр боксер 2015 оны 1 сарын 17-нд тулж байжээ. Уг тулаан 11 сард болохоор товлогдоод байна.
Стиверн нь мэргэжлийн боксын рингэнд 25-2 гэсэн амжилттай. Үүнийхээ 21 тулааныг хүнд цохилтоор хугацаанаас нь өмнө дутуу гаргаж байсан билээ. Тэрбээр 11 сарын 4-нд “Барклэйс цэнтр” ордонд болох уг тулааны өрсөлдөгчөөр орохгүй байсан боловч Уайлдертай тулах байсан Льюс Ортиз сэргээшийн эсрэг шинжилгээнд бүдэрсэн учраас сонгогдоод байгаа юм.
Уг тулааны талаар Уайлдер “Ортизын үүсгэсэн будлианы төлөөсийг Стиверн төлөх болно” хэмээжээ.
Уайлдер уг тулаанд ялбал 2018 онд IBF болон WBA холбооны аварга Энтони Жошуатай тулалдах боломжтой болох юм. Энтони Жошуа нь мэргэжлийн замналдаа 19-0 гэсэн амжилттайгаас гадна бүх өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялаад байгаа босоо аварга юм.
Уайлдэр мөн “Хэдийгээр миний замд янз бүрийн саад тотгор гарч ирж байгаа ч өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд минь юу ч саад болохгүй. Би дэлхийн хүнд жингийн үнэмлэхүй аварга болох болно.” гэж нэмжээ.
Уайлдер нь 2015 онд Лас Вегаст болсон тулаанд Стивернийг ялснаар WBC холбооны аварга болсон юм. Түүнээсээ хойш уг цолоо хамгаалж байгаа билээ.
“Эхний тулаанд би гуравдугаар раундад гараа хугалсан ч гэсэн илүүрхэж чадсан. Гараа хугалсан учраас л бид тулааныг дуустал тулалдсан. Энэ удаагийнх бол тэр үеэс өөр өдөр, өөр цаг хугацаанд, өөр нөхцөл байдалд болж буй өөр тулаан. Энэ удаагийнх тэгж их удахгүй дуусгах болно.” хэмээн одоо болох тулааны талаар сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьдлаа.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |