“Turkish airlines”-ын хариуцлагагүйгээс болж Монголын шигшээ баг тэмцээнд зодоглох боломжгүй болоод байна. Тодруулбал энэ сарын 6-аас 8-ны хооронд Узбекистаны нийслэл Ташкент хотод болох Ташкентын гран приг зорьсон жудогийн тамирчдын хувцас, хэрэглэл бүхий ачаа, цүнх нь алга болжээ.
Олимпын оноо олгодог гран при тэмцээнд тамирчид их ач холбогдол өгдөг. Тэгвэл энэ удаад барилдах кимон, жин хасах хувцас ч үгүй Ташкентэд газардчихаад байгаа юм. Эх сурвалжийн хэлснээр 3 хоног хүлээсэн ч одоо болтол ачаа нь ирээгүй байгаа гэнэ.
Уг тэмцээний жин үзлэг өнөөдөр явагдах боловч манай тамирчид ийнхүү хувцас хэрэглэлгүй сууж байна. Ташкент руу МУГТ М.Уранцэцэг тэргүүтэй манай 8 тамирчин явсан юм. Энэ талаар манай шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 3 хүрэл медальт, Токиогийн их дуулгын хүрэл медальт, мастеруудын хүрэл медальт ОУХМ Б.Тэмүүлэн өөрийн фэйсбүүк хуудсандаа өнөөдөр бичсэн юм.
Б.Энх-Амгалан