2019 онд Клэй Томпсон чөлөөт агент болно. Тэр болтол Голден Стэйт Уорриорс ноёрсон баг хэвээр байх боломжтой. Харин Томпсон чөлөөт агент болмогц ямар шийдвэр гаргах нь түүнээс хойшхи багийн амжилтанд шууд нөлөөгөө үзүүлнэ.
Ярихад хэтэрхий эрт боловч яригдаад эхэлсэн сэдэв. Энэ талаар Клэй ч өөрөө ам нээгээд амжжээ. Саяхан БНХАУ-д хийж буй аялан тоглолтынх нь явцад түүнээс энэ талаар асуусан сэтгүүлчийн асуултад Клэй хариулт өгсөн байна.
“Бид 2 жилийн дараах явдлыг ярьж байна шүү дээ. Гэхдээ энэ бол миний толгойд эргэлдэж байгаа сэдэв мөн. Ялангуяа Кэвин Дурантын гаргасан шийдвэрийг харсны дараа бүр ихээр бодогдох болсон” гэж Клэй сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьджээ. Энэ ярилцлагын үеэр тэрбээр багаасаа бага цалин авч, багтайгаа удаан хугацаанд хамт байх боломжтой талаар ам нээсэн байна.
Кэвин Дурант нь авч болох цалингаасаа 9 саяыг золиосолсон юм. Харин энэ нүүдлийн ачаар Андрэ Игудала, Шон Ливингстон нар багтаа үлдсэн юм. Клэйд ч гэсэн багаас авах цалингаас гаднах орлого нь хангалттай байгаа учраас цалингаа дээд хязгаарт нь тулгалгүй гэрээ байгуулах боломжтой талаар ярьж байгаа юм. Учир нь тэрбээр саяхан БНХАУ-ын пүүз үйлдвэрлэгч Анта брэндтэй 5 жилийн 80 сая ам.долларын гэрээ үзэглээд байгаа. Мөн үүнээсээ гадна Бодиармор ундаа болон бас бус компанитай хамтран ажиллах гэрээ үзэглээд амжсан билээ.
“Талбайн гаднах орлого маань сайн байхад багтайгаа бага цалингаар гэрээгээ сунгах бүрэн боломжтой. Ялагч багийн бүрэлдэхүүнд байгаагаа аз завшаан гэж боддог. Ийм багт байгаа бүх тоглогч ялалтын амтанд амташчихсан байдаг. Харин тийм багийн андуудгүй байна гэдэг талаар төсөөлж ч чадахгүй байна” гэж Клэй мөн ярьжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |