Милуоки Бакс багийн сүпер од Яннис Антэтокумпогийн аав нас баржээ. Чарльз Антэтокумпо 54 насандаа таалал төгссөн бөгөөд Яннис ажил явдалд нь оролцож байгаа учраас улирлын өмнөх зарим тоглолтуудад тоглох боломжгүй байгаа юм.
Үхлийн шалтгааныг эмч нар зүрхний шигдээс гэжээ. Бакс багийнхан “Чарльз бол манай багийн салшгүй нэг хэсэг байсан. Яннис болон гэр бүлд нь тохиолдсон энэ их уй гашууг бид маш сайн ойлгож байгаа. Энэ үед нь бид Яннис болон түүний гэр бүлтэй цуг байгаа гэдгээ мэдэгдэж байна” хэмээжээ.
Яннисын хувьд энэ улирлын эхнээс томоохон сорилтуудтай нүүр тулж байна. Улирал эхлэхээс өмнө аавыгаа алдсан нь түүний сэтгэл санаанд хэрхэн нөлөөлөхийг хэн ч мэдэхгүй. Тэгвэл түүнийг Коби Брайнт энэ улиралд “Хамгийн Үнэ Цэнэтэй Тоглогч” болох ёстой хэмээн даалгавар өгчихөөд байгаа.
Өнгөрсөн жил багаа манлайлж плэй оффт орсон Яннисаас хүлээх сагсан бөмбөг сонирхогчдын хүлээлт ч их байгаа. Сулхан дорнод бүсэд Кливлэнд Кавалерс, Бостон Сэлтикс багуудын араас шилдэгт тооцогдох баг нь яалт ч үгүй Грек залуугийн баг байх боломжтой юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |