2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны сүүлийн тоглолтууд энэ амралтын өдрүүдэд болно. Европын бүсийн Ди хэсэгт багтсан Уэльсийн шигшээ багийн хувьд тэмцээний эрхийг авах өндөр боломжтой байрлалд байгаа. Тэд сүүлийн хоёр тоглолтоо Гүрж, Ирландын багуудын эсрэг хийх бөгөөд энэ тоглолтуудын үр дүн тэдний Дэлхийн аваргын мөрөөдлийг шийдэх учиртай.
Харамсалтай нь Гүржийн эсрэг хийх эхний тоглолтод багийн лидер Гарет Бэйл оролцохгүй болжээ. Учир нь Ла лигийн өнгөрсөн тойрогт тэрбээр Эспаньол клубын эсрэг тоглох үеэрээ хөлийн булчингийн гэмтлээ сэдрээжээ. Улмаар тэрбээр Гүржийн эсрэг тоглолтыг өнжөөд Ирландын эсрэг хийх чухал тоглолтод бэлэн байхаар бэлтгэж байгаа аж.
Энэ хэсгээс 18 оноотой Сербийн шигшээ эхний байраар шалгарах нь бараг тодорхой болоод байгаа бол Уэльс 14 оноотой дэд байранд жагсаж байгаа юм. Харин Ирланд 3-р байранд 13 оноотой яваа нь өрсөлдөөнийг улам бүр сонирхолтой болгож байгаа.
Уэльсийн шигшээ багийн хувьд 2013 оноос хойших бүх ялалтаа Гарет Бейлийг тоглосон үед авсан байдаг нь түүнийг багтаа үзүүлэх нөлөөг хангалттай харуулж байна. Шигшээ багийн дасгалжуулагч Крис Коулмэн түүний оронд Барнслей клубын довтлогч Том Брэдшог дуудаж, Гүржийг зорих бүрэлдэхүүнд багтаагаад байгаа юм.
Г.Баяраа
Уншиж байна |