Холимог тулааны UFC холбооны 216 дахь тулаан энэ долоо хоногийн амралтын өдөр болно. Манай цагаар ням гарагийн өглөө АНУ-ын Лас Вегас хотын Ти Мобайл ордонд нийт 13 тоглолт болох бөгөөд эдгээрийн 2 нь эмэгтэйчүүдийн тулаан байх юм.
UFC 216-ын онцлох тоглолт нь 70 кг жинд болох Тони Фергюсон-Кевин Ли нарын өрсөлдөөн байх юм. Мэргэжлийн замналдаа 25 тулаанд орсноос 23-т нь өрсөлдөгчөө буулган авсан Тони Фергюсоны хувьд сүүлийн 1 жилийн хугацаанд рингэнд гараагүй байсан. Тэрбээр хамгийн сүүлд 2016 оны 11-р сард Бразилийн Рафаэл дос Анжусыг буулган авсан билээ. Харин түүний энэ удаагийн өрсөлдөгч Кевин Лигийн хувьд 18 тулаан хийснээс 16 ялалт аваад байгаа нэгэн. Энэ жил 25 настай К.Лигийн хувьд өрсөлдөгчөөсөө даруй 8 насаар залуу учраас хурд хүчээр илүүрхэх боломжтой ч туршлагатай Тони түүний ийм боломжийг амар олгохгүй биз ээ.
Уг тамирчид хоёулаа өмнө нь чөлөөт бөхийн спортоор хичээллэж байсан. Иймээс хэвтээ тулаанд хэн хэн нь чадварлагт тооцогдоно. Кевин Лигийн хувьд энэ жил 3 дахь удаагаа рингэнд гарах гэж байгаа бөгөөд өмнөх 2 тулаандаа дараалан ялалт байгуулсан билээ.
Г.Баяраа
Уншиж байна |